Г.Занданшатар: Төсвийн төслийг нээлттэй хэлэлцсэнээр хөрөнгө оруулалтыг зөв хуваарилна

2026 оны төсвийн төсөлд E-Mongolia болон Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 дугаарын утсанд ирүүлсэн иргэдийн санал асуулгын урьдчилсан дүнг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Даваадалай Засгийн газрын гишүүдэд /2025.08.11/ танилцууллаа. Танилцуулгаас харахад 154 мянга гаруй иргэн саналаа өгснөөс боловсрол, эрүүл мэнд, цахилгаан дулааны асуудлаар хамгийн олон санал иржээ.

Сангийн сайд Б.Жавхлан 2026 оны төсвийн төслийн боловсруулалтын явцыг мэдээлэв. Тэрбээр, 2026 оны төсөв хүний хөгжлийг дэмжих, боловсролд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу боловсруулж байна. 2026 оны улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирсэн. Үүнд 11,3 их наядын хөрөнгө оруулалт шаардагдахаар байгааг тодотгон хянаж 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ гэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар төсвийн төслийг олон нийтээр нээлттэй хэлэлцүүлэх нь авлигыг бууруулах, хөрөнгө оруулалтыг зөв хуваарилах, хүний хөгжлийг дэмжихэд бодитой ахиц гардгийг онцлов. Төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд Засгийн газрын гишүүн бүр санаачилгатай ажиллаж, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах шаардлагатай гэв. Нэн ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарт төсвийн шинэчлэл хийх бодлого яаралтай боловсруулж ажиллахыг салбарын сайд нарт үүрэг болголоо.




