С.Амарсайхан: Манай улсад уралдаан зохион байгуулах маршрут гаргасан нь олон талын ач холбогдолтой

Адал явдалт “Торгоны зам-2025” автораллигийн багийнхан 2025 оны 7-р сарын 16-нд Улаанбаатар хотноо түр буудаллаж, дараагийн бартаат зам руугаа гарах бэлтгэл хангах үеэр Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан раллигийн тайзнаа зочилж, тэмцээнд оролцогчдод Монголын ард түмний нэрийн өмнөөс амжилт хүслээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: Засгийн газар хоорондын Монголын талын ахлагчийн хувьд болон энэ ажлын хэсгийг ахалж ажиллаж байна. Манай улсад 2019 оноос хойш тогтмол уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн энэхүү уралдаан өмнө нь манай улсаар дайраад урагшаа БНХАУ руу гарч, буцаад аялдаг байсан.
Энэ удаад манай улсад уралдаан зохион байгуулах маршрут гаргаж аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, олон улс орнуудын оролцогч тамирчдад эх орноо сурталчлах, харилцан хамтын ажиллагааг эрчимтэй өргөжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой ийм сайхан уралдаан тэмцээн зохион байгуулагдаж амжилттай Улаанбаатар хотод гараагаа эхлүүлж байна.
Нийтдээ энэ жил 15 орны 837 тамирчин, 306 автомашинтай оролцож байна. Үндсэндээ жил болгон зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээн улам өргөжиж байна. Манай улс орноос ч гэсэн мотоцикл болон автомашины төрөлд тамирчид амжилттай оролцож, тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Дакар олон улсын тэмцээний дайтай энэхүү томоохон уралдаанд дэлхийншилдэг тамирчид оролцож байгаагаараа өндөр ач холбогдолтой гэж болно. Оролцогчдодоо амжилт хүсье” гэлээ.



