FocusОХУ

“Торгоны зам-2025” авто уралдаанд оролцож буй тамирчид дөрвөн төрлөөр өрсөлдөж байна  

Алал явдалт “Торгоны зам-2025” автораллигийн багийнхан 2025 оны 7-р сарын 16-нд Улаанбаатар хотноо түр буудаллаж, дараагийн бартаат зам руугаа гарах бэлтгэл хангаж байна. Уралдааны багийнхан энэ өдөр замынхаа эхэн хэсгийг туулаад байгаа ажээ. Харин одоо жинхэнэ жолооч машин хоёрын шидийг үзэж шандсыг сорьсон элсэн нуруу, уул хад, тал хээр, гуу жалга хослосон сорилтын зам эхэлж байгааг албаныхан хэлж байна.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан раллигийн тайзнаа зочилж, тэмцээнд оролцогчдод Монголын ард түмний нэрийн өмнөөс амжилт хүслээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уншиж танилцуулж, уг төсөл нь улс орнуудын найрсаг харилцааг бэхжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.

Мөн тэрээр “Торгоны зам”ралли төслийн удирдагч Владимир Чагинтай хамт багуудын байршлаар явж, уралдаанчдын машинуудыг үзэж сонирхлоо. Энэхүү авто раллист уралдааныг Орос, Казахстан, Узбекистан гэх гурван улсын ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр 2009 оноос зохион байгуулж эхэлсэн билээ.

Монгол Улсад 2019, 2024 онуудад энэхүү тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байсан. “Торгоны зам” олон улсын бартаат замын уралдаан жил бүр зохион байгуулагддаг бөгөөд тус уралдаанд мэргэжлийн тамирчдыг түлхүү оролцуулдаг. Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа учир монгол тамирчдыг эх орондоо тус уралдаанд оролцох боломжийг олгож өгчээ.

Монгол Улсаас цөөн тооны тамирчид мото төрөл болон жийп урандааны төрөлд оролцож байгааг албаныхан хэлж байлаа. Олон улсын авторалли уралдаанд техникийн болон өөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах шаардлагатай байдаг учраас гол төлөв туршлагатай, мэргэшсэн уралдаанчдыг оролцуулдаг гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байв.

Энэ удаагийн авто ралли уралдаан нийт дөрвөн төрлөөр өрсөлдөх бөгөөд жинхэнэ гал гарсан сорилтын уралдаан долдугаар сарын 12-22 ны өдөр зохион байгуулагдах юм. Тодруулбал, мотоцикл, дөрвөн дугуйт, жийп, том оврын машин зэрэг төрлөөр Монгол Улсын нутаг дэвсгэрийг туулах юм. “Торгоны зам-2025” авто уралдаан нь Улаанбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар дайран өнгөрнө.

Ингэхдээ тамирчид нийтдээ 5500 км замыг туулах бөгөөд Алтайн уулсад буюу далайн түвшнээс дээш 2500 метр өндөр уулархаг бүсэд барианд орохоороо онцлогтой.

Эргэн санавал, 2019 онд Монголд болсон авто ралли уралдаан түүхэнд үлджээ. “Торгоны зам-2019” авто раллид 40 улсын 97 тамирчин 54 автомашин, 16 том оврын ачааны машин оролцохоор бүртгэгдсэн нь тус тэмцээний түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт байв. Тус тэмцээнд Монголын хоёр тамирчин оролцож байсан.

Харин “Торгоны зам-2024” авто уралдаанд 30 улсын 278 тээврийн хэрэгсэл, 752 тамирчин оролцож Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтоор Монгол Улсад нэвтэрч Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгуудын нутгаар дамжин Улаанбаатар хотод барианд орсон түүхтэй.

Монгол Улсаас Г.Галманах, П.Мөрөн нар тус авто раллид амжилттай уралдаж байсан. Харин энэ жил “Торгоны зам-2025” олон улсын авторалли уралдаанд монгол тамирчдаас Хасагхүүгийн Амартүвшин, Буянтогтохын Хатанбаатар, Мото Пүрэвдорж нар тус уралдаанд оролцож байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close