Засгийн газарОБЕГ

Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийв

-Сэлэнгэ аймгийн Хүдэр, Алтанбулаг суманд гарсан дөрвөн түймрийг бүрэн унтрааж, Хүдэр, Ерөө, Алтанбулаг суманд гарсан таван түймрийг цурамд оруулаад байна-

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийж, үүрэг даалгавар өглөө. Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан болон Сэлэнгэ аймагт ажиллаж буй ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар улсын хэмжээнд бүртгэгдсэн ой хээрийн түймрийн талаар мэдээлэл өгч, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. 

Энэ сарын 22-28-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Алтанбулаг сумдад нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Өнөөдөр Хүдэр, Алтанбулаг суманд гарсан дөрвөн түймрийг бүрэн унтрааж, Хүдэр, Ерөө, Алтанбулаг суманд гарсан таван түймрийг цурамд оруулаад байгааг генерал Г.Ариунбуян танилцууллаа. Алтанбулаг сумын Доргын толгой гэх газар энэ сарын 22-ны өдөр гарсан хамгийн их талбай өртсөн ойн түймрийг өнөөдөр 16:30 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна гэлээ. Түймрийн голомтод алба хаагчдыг ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах ангийн хоёр нисдэг, Зэвсэгт хүчний нэг нисдэг тэргээр тээвэрлэн хүргэхээс гадна агаараас түймрийн тандалт хийж байгаа ажээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар ой хээрийн түймэр болон цаг агаарын мэдээллийг тогтмол авч, анхаарч байгаагаа илэрхийлээд гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг хэллээ. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарт ням гаригт Сэлэнгэ аймагт ажиллах үүрэг өгсөн байна. Гал түймэртэй тэмцэж байгаа онцгой байдлын алба хаагчид, нутгийн иргэдэд Ерөнхий сайд Г.Занданшатар талархал илэрхийллээ. Хүнд хэцүү цаг үед эрсдэлээс үл эмээн  ажиллаж буй тэднээр бахархаж байгаагаа илэрхийлээд хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаж, анхааралтай ажиллахыг хүслээ. 

Улсын онцгой комиссыг долоо хоногийн өмнө зарлан хуралдуулах үеэр болзошгүй түймрийн аюулаас сэргийлэх чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах тал дээр анхаарч ажиллахыг Ерөнхий сайд санууллаа. Шаардлагатай гэж үзвэл түймрийн голомтод дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг дайчлахад бэлэн байгааг мөн илэрхийллээ. Харин ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян Сэлэнгийн түймрийг унтраахад одоо дайчилж буй хүч нөөц хангалттай гэж мэдээллээ.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилттай холбоотойгоор ой, хээрийн түймэр нэмэгдэх эрсдэлтэй байна. Иймд түймэр унтраах зориулалтын нисдэг тэргийг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэдгийг онцгой байдлын салбарын удирдлагууд хэлж байлаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close