
Засгийн газрын өнгөрсөн сарын ээлжит хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг хязгаарлах тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхлэх юм.
Монгол Улсын нийт хүн амын 80,6 хувь нь интернет, 99,7 хувь нь гар утас хэрэглэж байна. БСШУСЯ, Дэлхий банктай хамтран 2017 онд явуулсан судалгаанаас үзвэл хот, хөдөө, орон нутгаас сонгогдсон 14 ерөнхий боловсролын сургуулийн 8-17 насны 1278 сурагчаас 71,8 хувь нь өөрийн гар утастай бөгөөд тэдний 54,6 хувь нь цахим орчинд аялах боломжтой ухаалаг гар утас хэрэглэдэг гэжээ. Тэгвэл гуравдугаар ангийн хүүхдүүдийн 40,8 хувь, тавдугаар ангийнхны 68,3 нь мөн л ухаалаг утастай гэж хариулсан байна. Гэтэл гар утасны өндөр давтамжит цахилгаан соронзон туяа нь хүүхдийн эсийн хөгжилд сөрөг нөлөөтэй учир 12 нас хүртэлх хүүхдэд аюул ослоос бусад үед гар утас хэрэглүүлэхгүй байхыг олон улсын эрдэмтэн судлаачид зөвлөсөөр байна.



