
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос /МБАНХ/ 2024 оны 6 дугаар сарын 05 нд УИХ-ын чуулганаар батлагдсан “Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль”-ийг малчдад танилцуулж, хуулийн хэрэгжилтийг ажил хэрэг болоход анхаарч ажиллаж байна. Тус хууль нь малчдын хамтын үүсгэл санаачилгын байгууллага болох Малчин өрхийн анхдагч холбооны эрх зүйн байдлын талаар зохицуулсан бөгөөд зэргэлдээ нутагладаг буюу нэг нутаг усны, бэлчээрийг хамтран ашигладаг, газар нутгийн онцлог, бэлчээрийн нөхцөл байдлаас хамаарч 10-оос доошгүй малчин өрх нийлж, энэ холбоог байгуулахаар тусгасан билээ.
Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэж буй.
10 жилийн өмнө байгуулагдсан МБАНХ-ны хувьд Монгол Улсын 18 аймаг, 100 гаруй суманд 1600 орчим малчдын хэсэг бүлэг / Бэлчээр ашиглагчдын хэсэг БАХ/ бүхий томоохон бүтэцтэй байгууллага бөгөөд дээрх хуулийг хэрэгжүүлэхэд түүчээлэн ажиллах зорилго тавьсан аж. Тус холбооны Завхан, Хөвсгөл, Дорнод, Өвөрхангай аймаг дахь Аймгийн бэлчээр ашиглагчдын холбоод “Малчин өрхийн анхдагч холбоо” байгуулах ажлыг хэдийнэ эхлүүлээд байгаа юм.
Тэгвэл энэ удаад МБАНХын Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг Төв аймгийн Сүмбэр сумын “Сүмбэр ногоон шим” БАХ-ны тэргүүн Х.Золзаяа тэргүүтэй малчидтай уулзаж, “Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хууль болон Малчин өрхийн анхдагч холбоо байгуулах талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд дээрх хуулийг хэрэгжүүлж, сумын хэмжээнд байгуулагдсан Бэлчээр ашиглагчдын хэсгийн бэлэн бүтэц дээр суурилан “Малчин өрхийн анхдагч холбоо” байгуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллахаа илэрхийлэв.
П.Нарандэлгэр















