

Хоёр Солонгосын түүхэн дээд хэмжээний уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хойд Солонгосын нийслэл Пеньян хотноо болж буй уулзалтад талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хөтөлбөрийн тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Хойд Солонгосын эрх баригчид цөмийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжуудыг гаднын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар нураах саналтай байгааг Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдсэн байна
Мөн хэвлэлийн хурлын үеэр Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон удирдагч Ким Жон Ун нар Солонгосын Хойгийг “цөмийн зэвсэггүй, цөмийн аюулгүй амар амгалан, энх тайван бүс” болгох тал дээр санал нэгдэж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Хойд Солонгос болон Өмнөд Солонгосыг холбох төмөр замын төслийг дахин сэргээж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурж тохиролцжээ. Өмнө нь АНУ-ын цэргийн команд уг төмөр замын туршилтын үйл ажиллагаанд саад болж байсан удаатай билээ.
“Би Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд Сөүл хотноо ойрын хугацаанд багтаж айлчлах болсноо амласан” хэмээн хамтарсан хэвлэлийн хурлаар удирдагч Ким Жон Ун мэдэгджээ.



