БХЯFocus

Цэнхэр дуулгатнууд энх тайвныг төлөөх үүргээ амжилттай гүйцэж байна

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Юнити мужийн Беньтю хотод энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа Зэвсэгт хүчний 14 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны цэрэг дайчидтай /2025.03.09 “Хубилай” бааз/ уулзлаа.

Сайд С.Бямбацогт: Дэлхийн халуун цэгт, газарзүйн болоод цаг агаарын эрс тэс орчинд, цагийн байдлын хүндрэлтэй нөхцөлд, эх орон, ар гэрээсээ алсад даян дэлхийн энх тайвны төлөө үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчидтайгаа ажиллагааны газар оронд нь ирж, цэргийн багийн үүрэг гүйцэтгэлттэй нь өөрийн биеэр танилцаж, алба хаагчтайгаа уулзаж байгаадаа баяртай байна.

Манай улсын Зэвсэгт хүчин 2002 онд энхийг дэмжих ажиллагаанд анхлан цэрэг илгээснээс хойш 23 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд дэлхийн 3 тивд явагдсан 12 энхийг сахиулах, эвслийн цэргийн 4 ажиллагаанд 116 цэргийн баг, 22 мянга гаруй цэргийн алба хаагчаа оролцуулж, дэлхий нийтийн энх тайван, амар амгалангийн төлөөх үйлсэд хүчин зүтгэж, үүргээ амжилттай гүйцэтгэсээр байна.

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнийхээ үүргийг биелүүлж, энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд бодитой дэмжлэг болж байгаа.

Өнөө цагт дэлхий дахинд үүсэж буй цэрэг-улс төрийн нөхцөл байдал, зэвсэгт тэмцлийн шинж чанар, сөргөлдөгч талуудын эрх мэдэл, газар нутгийн төлөөх өрсөлдөөн зэргээс улбаалан НҮБ-аас явуулж буй энхийг сахиулах ажиллагааны бодлого, төрөл, далайц шинэчлэгдэж байна.

Монгол Улсын хувьд НҮБ-аас явуулж буй энхийг сахиулах ажиллагааны бодлоготой уялдуулан Зэвсэгт хүчнээс НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд “Түргэн байрлах хүчний рот”, “Инженерийн рот”, “Цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлэг”-ийг оролцуулах бэлтгэлийг хангахад шаардагдах төсөв хөрөнгийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээр ажиллаж байна гэлээ.

Монгол Улсын төр засаг, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагаас хүлээлгэсэн нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг амжилттай гүйцэтгэж, бие биедээ анхаарал халамж тавьж, үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэн “МОНГОЛ ЦЭРЭГ”-ийн нэр хүндийг өндөрт өргөж явахыг цэнхэр дуулгатай энхийг сахиулагчдадаа захилаа.

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ТА БҮХНИЙГ МОНГОЛ ЦЭРГИЙН СҮЛД ХИЙМОРЬ МӨНХӨД ИВЭЭЖ БАЙХ БОЛТУГАЙ!

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close