
Монгол Улсад авто тээвэр болон нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Зам, тээврийн салбарын эмэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулав.

Энэхүү уулзалтаас зам, тээврийн салбарын эмэгтэйчүүдийн ажиллах орчин нөхцлийг дээшлүүлэх, чадавхжуулах, ажиллах орчныг сайжруулахад чиглэлсэн үнэтэй зөвлөмж, шинэ санааг тусгах юм.

1990 оноос хойших хугацаанд автотээвэр, төмөр зам, авто зам, далай, усан зам, иргэний нисэхийн тээврийн үйлчилгээний үйлчлэх хүрээ тэлж, Ази, Европыг холбосон томоохон тээвэр логистикийн нэгдсэн сүлжээг бий болгох томоохон зорилго дэвшүүлжээ.

100 жилийн босгон дээр анх удаа 2024 онд агаарын тээврээр 2.2 сая зорчигч, МИАТ компани нэг сая дахь зорчигчоо тээвэрлэн, “Чингис хаан” нисэх буудал олон улсын үйлчилгээний дөрвөн одтой нисэх буудал болохын сацуу дэлхийн томоохон 100 хотын нисэх буудалтай үйлчилгээний чанар, агаарын хөлгийн болон зорчигчийн үйлчилгээний олон улсын стандартыг нэвтрүүлэн тав тух, хүртээмжээрээ тэргүүлж буй нисэх буудлын нэг болсон байна. Харин автотээврийн салбарын хувьд гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж нийт 17 улстай хэлэлцээр байгуулж, 22 улстай олон улсын автотээвэрлэлт хийж байна. Мөн уул уурхайн экспортын тээвэрлэлт нэмэгдэж 82.8 сая.тн ачаа тээвэрлээд байгаа аж.

Энэ салбарт 83 мянган хүн ажиллаж байгаагаас 40 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь өмнө оныхоос 3.7 хувиар өссөн үзүүлэлт аж.
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ, “Өнөөдөр зам тээврийн салбарын хөгжлийг тодотгож, дотоодын болон олон улсын тээврийн үйлчилгээг иргэдэд хүргэж, ачаа тээврийн найдвартай, аюулгүй, бүрэн дүүрэн ханган үйлчилж байгаа зам тээврийн салбарын нийт эмэгтэйчүүд, өнөө үеийн тээвэрчид та бүхэндээ Зам, тээврийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!” хэмээн онцлох тэмдэглэв.

Үргэлжлүүлэн “НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр 2030-д тусгагдсан гол зорилгуудын нэг нь жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн чадавхжуулалтаас шууд хамааралтай хэмээн тусгасан байдаг.
НҮБ-ын жендэрийн эрх тэгш байдлын төлөөх хүчин зүтгэл нь хүмүүсийн сонголтыг өргөжүүлэх, шударга, тогтвортой нийгмийг бий болгох, ядуурлыг арилгах, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, эмэгтэйчүүдийн чадавхжуулалтыг нэмэгдүүлэх амлалтуудад суурилдаг ба улс орнуудад ялгаварлан гадуурхалтын оршин тогтнох нөхцлийг бүрдүүлж буй эдийн засаг, нийгэм, улс төрийн тогтолцоог өөрчлөх цогц арга барилд шилжихэд дэмжлэг үзүүлж байна.

Өнөөдөр чуулга уулзалтаа хийж буй зам тээврийн салбарын нийт эмэгтэйчүүддээ та бүхэн бол Монгол Улсын хөгжлийн түүчээ гэдгийг онцлон тэмдэглэмээр байна” гэлээ.