Засгийн газарЗТЯОнцлох

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох хэлэлцээрт гарын үсэг зурав

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан 14 мега төслийн эхэнд “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж төлөвлөсөн билээ.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр Харбин хотноо уулзалт хийж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар оролцлоо.

Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хил холболтын төсөл хэрэгжсэнээр Монгол Улс, БНХАУ хоорондын Эрдэс баялаг, Аж үйлдвэр, Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжихээс гадна худалдаа, эдийн засаг болон бусад салбар, олон улс бүс нутгийн хамтын ажиллагаа идэвхжиж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.

Тодруулбал, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь өргөн царигаар жилд 30 сая тонн, нарийн царигаар 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. 2030 он хүртэл нүүрсний экспорт 120 сая тонноор нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах ач холбогдолтой.

Байршил болон техникийн үзүүлэлтийн хувьд, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын үргэлжлэл бөгөөд нийт 979 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай 5 багц ажлаас бүрдэнэ.

Газрын байршлаас шалтгаалан 30 орчим метр өндөр гүүрэн байгууламжтай баригдах юм.

БНХАУ-ын талаас эхний ээлжинд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг барьж, ашиглалтад оруулсны дараа бусад боомтуудыг төмөр замаар холбох боломж нөхцөл бүрдэнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close