нитхFocus

Л.Ариунтуяа: Бүсчилсэн хөгжлийн хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаан /2025.01.22/ боллоо. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу хуралдааны эхэнд Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцууллаа.

Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийт 37 мега төсөл арга хэмжээ хэрэгжих бөгөөд 2025-2028 онд 24 мега төслийг нь хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Мега төслүүдийг түгжрэлийг бууруулах чиглэлээр 9, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 6, бусад чиглэлээр 8 гэж ач холбогдол, цаг хугацаа, үр ашгийн хувьд ангилан эрэмбэлж, нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд:

  1. Улаанбаатар метро,
  2. Улаанбаатар трамвай,
  3. Шинэ тойрог зам,
  4. Туулын хурдны зам,
  5. Тусгай замын автобус буюу BRT,
  6. Дүүжин тээвэр

Агаар бохирдлыг бууруулах хүрээнд:

  • ТЭЦ-5 бүтээн байгуулалтын төсөл
  • Дулааны тархмал эх үүсвэрийн төсөл
  • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
  • Баянхошуу хот орон сууцжуулах төсөл
  • Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл

зэргийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа “Төр хувийн хэвшлийн түншлэлээр Улаанбаатар хотод 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчинд хэрхэн уялдаа холбоог хангах талаар хэлэлцлээ.Нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд ТЭЦ-5 бүтээн байгуулалт, Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Баянхошуу хот орон сууцжуулах төсөл зэрэг томоохон мега төслүүдийг урагшлуулах чухал байна” гэв.

Үүний дараа Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журам, заавар батлах тухай, Хотын стандарт батлах тухай, Зорчигч тээврийн үйлчилгээний бүлэгт хамаарах хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Тус асуудлыг Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Баярсайхан танилцуулав.

Хотын стандартыг батлах тухай асуудлыг хэлэлцэх үеэр төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүн Б.Ану-Үжин “Жишээлбэл танилцуулгаас харахад автобусанд стикер наахад хүртэл их нарийн стандарттай юм байна. Яг үүнтэй адил явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай их нарийн стандарттай байх хэрэгтэй. Зөвхөн нэг стандарт гэхэд л 70, 80 хуудастай баримт бичиг байдаг. Тэгсэн атлаа яг бодит байдал дээр хэрэгжиж байгаа стандарт нь учир дутагдалтай байж болохгүй. Сүхбаатар дүүрэгт шаардлага хангахгүй тоглоомын газар, тоглоомын газаргүй хороолол их байна. Тиймээс аливаа стандартыг баталсныхаа дараа ажил хэрэг болоход анхаарах хэрэгтэй байна. Төлөөлөгчид ч хяналт тавиад хамтарч ажиллахад бэлэн” гэлээ. Мөн төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа “Б.Ану-Үжин төлөөлөгчтэй санал нэг байна.

Стандартыг хотын хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд баталдаг. Олон мянган стандарт батлагддаг хэдий ч иргэдэд төдийлөн мэдээлэл хүрэхгүй байна. Тухайлбал, шатахуун түгээх газрууд сургууль орчмын бүсэд их бий. Өнгөрсөн жилүүдэд би тойргийнхоо хэмжээнд энэ асуудалд нэлээд анхаарч ажилласан. Гэтэл одоо ЕБС-ийн 134-р сургуулийн яг хажууд шатахуун түгээх станц байна. Дөнгөж замын урд Хангарьд ордон байна. Нэг шатахуун түгээх станцыг буулгах тухай асуудал биш. Энэ олон мянган хүний амь насны аюулгүй байдлын тухай асуудал. Тиймээс дэд бүтэц, төлөвлөлтийн асуудалд стандарт хэрэгжүүлж буй газрууд анхаараад яваасай гэж хүсэж байна. Манай хорооны зүгээс ч энэ жил бодлогын асуудлуудад анхаарч, бодит нөхцөл байдалтай танилцаж шуурхай ажиллахаар төлөвлөж байна” гэв.

Улмаар Бүсчилсэн хөгжлийн хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг гишүүдэд танилцуулж, баталлаа. Бүсчилсэн хөгжлийн хорооны хэлэлцсэн дээрх асуудлуудыг НИТХ-ын ээлжит II хуралдаанаар хэлэлцэхийг гишүүд дэмжлээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close