ХАА-н салбарFocus

Дотоодын үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын хүнсний стратегийн хүнсний бүтээгдэхүүн болох гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч “Гурил үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд”-ыг /2024.01.16/ хэлэлцлээ.

Уулзалтын эхэнд өнгөрсөн оны ургацын тайлан, дүн мэдээллийг нэгтгэх, гурилын үйлдвэрүүдийн авсан улаанбуудайн хэмжээ, улсын нөөцөд байгаа буудайн тоо хэмжээтэй уялдуулан энэ онд үйлдвэрлэх гурилын хэмжээг тогтоох талаар ярилцсан юм.

ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан бол Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн захирал Б.Цогтсаран дотоодын гурилын үйлдвэрүүд нийт 210 мянга орчим тонн улаанбуудай нөөцөлсөн. Хөдөө аж ахуйн корпорац ТӨХК-ийн нөөцөд 70 мянган тонн хүнсний буудай байна. 2025 онд дотоодын үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байгаа цохон тэмдэглэлээ. 

Хэлэлцүүлэгт “Улаанбаатар гурил” ХК, “Өег гурил” ХХК, “Од групп”, “Өгөөж гурил” ХХК, “Хөвсгөл Алтандуулга” ХК, “Милл хаус” гурилын үйлдвэрийн удирдлагууд оролцлоо. Гурил үйлдвэрлэгчдийн зүгээс улаанбуудай, гурилын үнэ, гаалийн албан татварыг Засгийн газар эргэж харах ёстой хэмээн байр сууриа илэрхийллээ. Өнөөдрийн байдлаар үйлдвэрүүдийн хүчин чадал 30-50 хувь буурч, сул зогсолт их болж, цалин, хөлс олгоход хүндрэл учирч байгааг хэлж байсан юм.

Үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй болсон гол шалтгаан нь гурилын борлуулалт буурсантай шууд холбоотой гэдгийг тодотгож байлаа. Тиймээс импортоор орж ирж буй гурилын тоо хэмжээ чухал нөлөө үзүүлж буй тул дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжсэн шийдвэр хэрэгтэй байгааг онцоллоо.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр цаашид дотоодын гурил үйлдвэрлэгчид холбооныхоо нэгдсэн зохион байгуулалтыг сайжруулж, тогтвортой байдлаа бүрэн хангаж, нэгдсэн бодлого шийдвэр гаргаж, дунд хугацаанд хийх ажлын төлөвлөгөө боловсруулж, нэгдмэл зорилготой байхыг санууллаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close