Шинэ мэдээ

“Цөмөөч ханхүү ба хулганын хаан” балетад хүүхдүүд ээжтэйгээ хамт тайзнаа гарлаа

Олон Улсын Урлаг боловсролын хөгжлийн “Гэрэлт ертөнц” академи “Дэлхийн соёл Монгол хүүхдэд” төслийнхөө хүрээнд “Цөмөөч ханхүү ба хулганын хаан” балетыг хоёр дахь жилдээ үзэгчдийн хүртээл болголоо. ОХУ-ын балетын жүжигчдийн хамт Соёлын төв өргөөнд тоглосон тус балетад /2024.12.29/ гурван сар бэлтгэгдсэн хүүхдүүдийн зарим нь ээжтэйгээ хамт тайзнаа гарсан юм. “Гэрэлт ертөнц” академи нь сонгодог урлагаар дамжуулан үндэсний бахархлыг бий болгохын зэрэгцээ өв тэгш үндэсний ухамсарт эх оронч монгол хүнийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой “Дэлхийн соёл Монгол хүүхдэд” төслийг санаачилжээ.

Энэ талаар “Гэрэлт ертөнц” академийн тэргүүн, балетчин Ч.Батгэрэл хэлэхдээ “Дэлхийн аль ч улс оронд шинэ жилийн баяраар хүүхэд багачууд, томчуудад урлагийн гайхамшгийг мэдрүүлэн шидэт ертөнцөөр аялуулдаг сонгодог урлагийн тоглолтыг илүү олон хүүхэд багачууд, томчуудад хүргэхийн тулд энэ удаад олон шинэ шийдэлтэй зохион байгуулсан.

Бид хүүхдүүдэд зөвхөн тоглолт үзээд зогсохгүй тайзан дээр шидэт үлгэрийн дүр бүтээх үүд хаалгыг нээдгээрээ онцлог.  Манай сургалтыг ОХУ-д балетийн мэргэжил эзэмшсэн, хайр татсан олон дүр бүтээж амилуулсан багш нар эрхлэн явуулдаг. Бидний хувьд илүү олон хүүхдийг тоглолтдоо хамруулж балетын урлагаар хичээллэх боломжийг олгохыг зорьж байна. Тиймээс “Цөмөөч ханхүү ба хулганын хаан” балетдаа цасан ширхэгийн бяцхан охидоос эхлээд Орос, Хятад, Испани үндэстний хүүхэлдэй гээд олон дүрүүдийг нэмж дэглэсэн.

Эцэг эхчүүд энэ хотын түгжээнд хүүхдүүдээ хичээл сургалт таслуулахгүй зөөж хамруулсанд үнэхээр их талархаж байна. Сургалтад хамрагдсан хүүхдүүд балетын урлагт улам бүр догдолж дурладаг. Тиймээс бид хүүхдүүдээ уйгагүй зөөж байгаа ээжүүддээ бэлэг барихаар 19 зууны хатагтайн дүрд бүжиглэх санал тавьсан. Эцэг эхчүүд маш баяртай хүлээн авч ордны бүжгийн сургалтад хамрагдан хүүхдүүдтэйгээ хамтран тайзнаа бүжиглэлээ. Ер нь бидний тоглолт гэр бүлээрээ цугласан баярт мөчүүд болж өрнөдөг. Монгол хүүхдүүд энэ сонгодог урлагийн бүтээлийг үзээд зогсохгүй суралцаж, жүжигт оролцон тоглосноороо олон талаараа хөгждөг” гэлээ. 

 

Холбоотой мэдээ

Back to top button
Close