С.Өлзийсайхан: Гар утасны хэт их хэрэглээнээс үүдэн хүүхдэд хэл, ярианы асуудал тулгарч байна
НҮБ-ын Хүүхдийн Сангаас 5 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч нарын дунд “Хариу үйлдэлт асаргаа халамж” сэдэвт судалгааг 2023 онд анх удаа үндэсний хэмжээнд хийсэн байна. Монгол улсад Хариу үйлдэлт асаргаа халамжийн хувь 71.9 байгаа ба үлдсэн хувь нь асаргаа халамжийг хангалтгүй үзүүлдэг гэсэн ерөнхий үр дүн гарсан байна. Уг судалгаатай холбоотой мэдээллийг НҮБ-ын Хүүхдийн сангийн бага насны хүүхдийн хөгжлийн мэргэжилтэн С.Өлзийсайханаас тодрууллаа.
-Монгол Улсад анх удаа үндэсний хэмжээнд хийсэн судалгааны гол үр дүнгээс танилцуулна уу?
-Судалгаанд оролцогчдын 72 орчим хувь нь хүүхдэдээ асаргаа халамж сайн үзүүлдэг, үлдсэн хувь нь төдийлөн асаргаа халамж үзүүлдэггүй гэсэн ерөнхий үр дүн гарсан. Тухайлбал, хүүхдүүдийн 62 хувь нь хэл ярианы бэрхшээлтэй гэх асуудлаар эцэг эхчүүд эмнэлэгт ханддаг бол шалтгаан нь хүүхэд гар утас их хэрэглэсэнтэй холбоотой гэжээ.
Хүүхэд нь хэлд орохгүй байгаа гол шалтгаан нь гар утас хэт их үзүүлж буйтай холбоотой байна. Мөн аавуудын оролцоо маш тааруу гэсэн дүн гарсан. Ялангуяа хөдөө орон нутагт аавуудын оролцоо, хүүхдээ харах, анхаарах оролцоо 20 хувиас бага байна.
-Эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал халамж тавихгүй байгаа нь ямар шалтгаантай байна вэ?
-Эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал тавихад ямар асуудал тулгарч байна вэ, ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ? гэж асуухад “Ажлын ачаалал их байна” гэж дийлэнх нь хариулсан. Тиймээс төрийн, хувийн байгууллагууд гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлэхийг уриалмаар байна. Хүүхэд нь өвдөхөд цалинтай чөлөө олгох, хүүхдээ асрах, халамжлах боломжийг л олгодог байх хэрэгтэй.
–Эцэг, эхчүүд хүүхдээ үл хайхрах хүчирхийлэл үйлдээд байна гэж ойлгож болох уу?
-Бид судалгаагаар хүүхдээ хамгаалж байна уу, асарч байна уу юу гэсэн мэдээллийг цуглуулсан. Тодорхой хэмжээнд хүүхдүүдийг үл хайхрах байдал ажиглагдсан. Гэртээ ганцааранг нь байлгах, 10-аас доош насны хүүхдээр дүү нарыг нь харуулах ч гэдэг юм уу. Тиймээс эцэг эхчүүддээ хүүхдээ илүү анхааръя, хамгаалъя гэсэн нөлөөллийн ажлууд хийхээр төлөвлөж байна.
Өөр нэг анхаарал татсан мэдээлэл нь эцэг эхчүүд хүүхдийн хөгжлийн талаарх мэдээллийг голдуу фэйсбүүкээс авдаг нь тогтоогдсон. Тиймээс бид фэйсбүүкээр шинжлэх ухааны нотолгоонд суурилсан мэдээллийг мэргэжлийн хүнээр өгүүлэх хэрэгтэй юм байна гэж үзэн энэ чиглэлд анхаарч байна.
– Баярлалаа