НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны Бүгд хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг /2024.11.11/ шинэчлэн батлав.
Тогтоолд сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас бичиг үсгийн боловсролын чиглэлд гарсан ухралтыг нөхөхийн ач холбогдол, бичиг үсгийн боловсрол нь хүний амьдралын нөхцөл байдалд хөгжин өөрчлөгдөж байдаг насан туршийн боловсрол, чадварын салшгүй хэсэг болохыг онцолж, хүн бүрт тэгш, чанартай боловсрол, мэдлэг, түүний дотор цахим хэрэглээний чадвар олгоход багш, сургагч нарын үүрэг нэн өндөр болохыг тэмдэглэв.
Мөн дэлхийн улсуудаас хөгжиж буй орнуудын ард иргэдэд зориулсан мэргэжил, мэдээллийн технологи, шинжлэх ухаан, техникийн дээд боловсролын тэтгэлгийг ихээр нэмэгдүүлэх тухай амлалтыг сануулж, уламжлалт болон цахим орчинд ажиллах чадвар зэрэг бүх нийтийг хамарсан тэгш, чанартай боловсролын хүртээмжийг сайжруулах чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар “Ирээдүйн төлөө гэрээ”-нд суурилан одоо ба ирээдүй үе хооронд мэдлэг, боловсролыг өртөөлөн дамжуулахын чухлыг онцлов.
Монгол Улсын санаачилсан “Бичиг үсгийн боловсролын тухай тогтоол”-д дэлхийн бүх бүс нутгийн төлөөлөл болох 125 улс хамтран зохиогчоор нэгдлээ.