7 хоногБоловсрол

Сурагчдыг 12 сарын 15-аас 2019 оны 2 сарын 15-ныг хүртэл амраах санал хүргүүллээ

Улаанбаатар төдийгүй аймгуудад сүүлийн жилүүдэд агаарын бохирдол ихэсч, нарийн ширхэгт тоосонцорын дундаж хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын чанарын удирдамжид заасан зөвлөмжөөс 6-10 дахин өндөр байна.

Эрүүл мэндийн яамнаас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын хуваарийг “2018 оны 12 дугаар сарын 15-аас 2019 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд тогтоох” саналыг өчигдөр буюу энэ сарын  7-нд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлээ. Ингэхдээ УИХ-ын “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2018 оны 02 дугаар тогтоолын 7 дахь заалт, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн хурал дээр гарсан гишүүдийн саналыг үндэслэжээ.

Монгол Улсад томуу, томуу төст өвчний дэгдэлт жил бүрийн 12 дугаар сараас эхлэн хоёр сар гаруй үргэлжилж, нийт өвчлөлийн 90 гаруй хувийг 15 хүртэлх насныхан, 70 орчим хувийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Томуу, томуу төст өвчний 15-20 хувийг сургуулийн насны хүүхдүүд эзэлдэг хэдий ч уг өвчний халдварын тархалтыг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг болохыг тандалт судалгаагаар тогтоожээ. Энэ үеэр сурагчдыг амраах нь зүйтэй хэмээн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүд үзсэн байна.

Хэрэв энэ саналыг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо дэмжсэн хариу өгвөл БСШУСЯ амралтын хуваарьт өөрчлөлт оруулах юм.

Дэлхийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархвар судлалын нөхцөл байдлын тандалт, судалгаагаар сүүлийн хоёр жилд 1918 онд тохиолдсон томуугийн цар тахлын онцлогтой төстэй шинж тэмдгүүд илэрсэн, мөн шувууны (H7N9, H5N6, H9N2) болон гахайн (H1N2) томуугийн хүний өвчлөлийн тохиолдлын тоо нэмэгдэн бүртгэгдэж байгаа тул томуугийн цар тахлаас сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гишүүн орнууддаа зөвлөлөө.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close