Видео

Гэр бүлийн эдийн засаг

“Өрх болбол эдийн засгийн нэг том институц гэж ярьдаг. Институцийн онолоор бол өрхийг эдийн засгийн маш том субъект гэж тодорхойлдог. Өрхөөр эдийн засагт урсаж байгаа мөнгө орж, гардаг. Ийм том субъектыг нь нэг талаасаа хэрэглэгч, нөгөө талаас үйлдвэрлэгч ч гэж хэлдэг.

Төсөв нь улс оронд, ААН-д, хувь хүнд байдаг. Тэгэхээр энэ бүх асуудал нь орлого, зарлагын хүрээнд л байдаг. Тэгвэл төсөв гэж юу юм бэ гэдгийг Монгол банкнаас гаргасан “Эдийн засгийн тайлбар толь” дээр “Улс орон, байгууллага, хувь хүний орлого зарлагын төлөвлөгөөг төсөв гэнэ” гээд тодорхойлчихсон байгаа. Өрхийн төсвийг хөтлөж, зохион байгуулж, удирдахын ач холбогдол юу юм бэ гэдгийг ойлгочихсон байхад хүмүүс аяндаа төсвөө хөтлөөд удирдаад менежмент хийгээд явчихдаг.

Төсөв бол тогтвортой, стрессгүй, аз жаргалтай амьдрах гол хэрэгсэл гэж ойлгож болно. Тиймээс тогтвортой, аз жаргалтай, аюулгүй амьдрахыг хүсэж байгаа хүн болгон, ААН болон төр төсвөө удирдах ёстой гэж ойлгоно. Төсвөө мэдэж байвал мөнгө хаана явааг мэддэг, ямар хэмжээнд байгааг мэддэг. Төсөв байснаар хадгаламж, хуримтлал хийх боломжуудаа олж харж чаддаг. Тавьсан зорилгодоо хүрэх тооцооллыг хийж чаддаг. Мөнгөө юунд зарцуулахаа мэддэг, хэдэн төгрөг олж байгаагаа ч мэддэг.

Хүмүүс ихэвчлэн энэ талаар мэдэж байгаа гэж магадгүй. Гэхдээ олон жилийн туршлагаас харахад мөнгөө хаана байгааг мэддэггүй. Юу хадгалахаа, хаанаас хадгаламж, хуримтлалаа хийхээ мэддэггүй байх асуудлууд нийтлэг байдаг. Төсөв яагаад дээрх асуудлуудыг шийдэж чаддаг юм бэ?

Өрхийн төсөв бол амьдралын хөтөч гэж хэлж болно. Тавьсан зорилгодоо хүрэх хэрэгсэл юм. Хүн болгон, айл болгон, өрх болгон зорилго тавьдаг. Тэр зорилгодоо хүрье гэж бодож байгаа бол төсвөө удирдах хэрэгтэй. Төсөв эхнэр нөхөр хоёрыг аз жаргалтай болгодог. Үр хүүхдүүдийг, эхнэр нөхрийг халуун дулаан харилцаатай болгодог.

Хүмүүс ихэнхдээ хадгалах мөнгө байхгүй, хуримтлах мөнгө байхгүй гэдэг ч мөнгө нь хаана байгааг хэлээд өгдөг төсөв маш чухал юм. Хүн бүрт мөрөөдөл байдаг. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд төлөвлөгөө байдаг. Төлөвлөгөөндөө хүрэхийн тулд үйлдэл хийдэг. Үйлдэл хийвэл зорилго тодорхой болж эхэлдэг. Гэтэл төлөвлөгөөгүй байвал мөрөөдөл биелэхгүй, зүгээр л тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр асуудлыг шийдвэрлэгддэг. Энэ талаас нь аваад үзсэн ч төсөв байхад амьдралын зорилго хэрэгждэг” гэдгийг Шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюун онцолж байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас гаргасан гэр бүлийн боловсрол олгох цуврал хичээл “Гэр бүлийн эдийн засаг” сэдвээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорхи бичлэгийг үзнэ үү.

Эх сурвалж: Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close