Баянхангай сумыг ногоон сум болгох “Атар хамтын төгөл” ойжуулалтын талбайд мод тарих өдөрлөг боллоо

“Ногоон Ази сүлжээ” ТББ-аас 2025 оны 5 дүгээр сарын 3-ны өдөр Төв аймгийн Баянхангай сум дахь “Атар хамтын төгөл” ойжуулалтын талбайд мод тарих өдөрлөгийг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд тус сумын Засаг даргын Тамгын газар, сургууль, цэцэрлэгийн 35 алба хаагчид болон “Миний клуб”-ын хүүхэд залуусын сайн дурын багийн 90 гаруй хүүхэд, Улаанбаатар MK сургуулийн 45 сурагчдаас бүрдсэн сайн дурын багууд идэвх санаачилгатай хамтран оролцож, 2,108 чацарганын суулгацыг тарьлаа.
“Мод тарих өдөрлөг”-ийн арга хэмжээнд засаг дарга, засаг даргын орлогч зэрэг сум орон нутгийн төрийн алба хаагч гэр бүлийн хамт нийт 40 гаруй хүн оролцож 500-гаад модыг тарьж усаллаа. Мөн энэ үеэр Ногоон Ази сүлжээ ТББ-ын зүгээс орон нутгийн ногоон байгууламжид 200 хайлаас модыг хандивлав.

Баянхангай сумын засаг дарга Б. Болортуяа “Манай суманд ийм сайхан төсөл хэрэгжиж байгаад баяртай байна. Баянхангай сумыг маань ногоон сум болгохын төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа талбайд ажилчдадаа болон “Ногоон Ази сүлжээ” ТББ-ийн хамт олонд мөн өнөөдөр мод тарих гэж ирсэн та бүхэнд баярласнаа илэрхийлье” гэж өдөрлөгийн нээлтийн үеэр онцолж байлаа.

“Миний клуб”-ын хүүхэд залуус сайн дурын хийхээр төлөвлөсөн ажлаа давуулан биелүүлж, нэмэлтээр 1,500 жимсний модны усалгаа хийж талбайн ажилчин ах эгч нарынхаа гарыг амраасан байна.


Дашрамд дурдахад “Ногоон Ази сүлжээ” ТББ нь БНСУ-ын Ойн газрын харьяа Солонгосын ойн аж ахуйг дэмжих хүрээлэн, “Ногоон Ази сүлжээ” ТББ Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй хил дамнасан шар шороон шуурга, нарийн ширхэгт тоосонцрыг бууруулах загвар хөгжүүлэх, дэлхий нийтэд тулгамдсан уур амьсгалын хямралтай тэмцэх, нүүрстөрөгчийг саармагжуулах бодит үйл хэргээр дамжуулан байгаль орчныг хамгаалахад хувь нэмэр оруулах зорилгоор ойжуулалтын төслийг хэрэгжүүлж байна.


