Л.Оюун-Эрдэнэ: Төмөр зам холбогдсоноор жилийн экспортын орлого 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ

Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж, яг гурван сарын дараа бүтээн байгуулалтаа /2025.05.14/ эхлүүллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, Өвөр Монголын өөртөө засах орны Намын хорооны дарга Сүнь Шаочөн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Ли Чунлин, “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй болон хоёр орны гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл нээлтийн ёслолд оролцлоо. Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй боомтын хоёр дахь төмөр зам юм.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг тус улсын Харбин хотноо байгуулж, УИХ-ын энэ оны гуравдугаар сарын 27-ны өдөр хэлэлцэж, соёрхон баталсан. Ингэснээр Монгол Улс, БНХАУ-ын хооронд 2014 онд байгуулсан стратегийн иж бүрэн түншлэлийн тунхаглалыг гүнзгийрүүлэх, найрсаг хөршийн бодлого, мөн хамтарсан Засгийн газрын бодлого чиглэлийг хэрэгжүүлэх бодитой ажил болж байна. Энэхүү бүтээн байгуулалт эхэлснээр хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохирсон Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэж байгаа юм.
Нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүрэж байна.