Видео

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх

“Бид ихэнхдээ зөрчлийг сөрөг зүйл мэтээр хүлээж авдаг. Гэр бүлийн хооронд ямар нэгэн зөрчил маргаан үүсвэл байж боломгүй зүйл юм шиг ойлгодог. Гэхдээ энэ нь гэр бүлийн зөрчил маргааныг эв зүй, зөвшилцлөөр шийдвэрлэхэд хамгийн том саад болдог хандлага юм. Тиймээс зөрчлийг юу гэж харах шаардлагатай вэ? Зөрчил гэдэг бол гэр бүлийн хосуудын хооронд, гэр бүлийн бусад гишүүдийн хооронд ч гэсэн гарч ирэх хэвийн байх зүйл гэж ойлгох хэрэгтэй. Энэ зөрчил маргааныг эв зүйгээр, зөвшилцлөөр шийдвэрлэх хамгийн эхний алхам нь хүний харилцаатай зайлшгүй холбоотой байдаг.

Хүн байгаа газар зөрчил ямар нэгэн байдлаар үүсдэг. Тиймээс зөрчлөөс зайлсхийх бултахад хэцүү. Тэгвэл яагаад зөрчил үүсээд байгаа юм бэ? Хүн хоорондын харилцаанд гэвэл хүн болгон өөр өөрийн гэсэн ертөнцтэй. Сонирхол, итгэл үнэмшил, хандлага, туулж ирсэн амьдралын туршлага, юмыг харж байгаа харах өнцөг, хүлээлт нь ч гэсэн өөр байдаг. Нэг ижил хэв загвараар бүтээгдсэн эд материал биш бүхэл бүтэн амьд ертөнц. Тэгэхээр гэр бүлийн хосууд хоёр өөр ертөнц эсвэл тэр гэр бүлд байгаа 6 өөр ертөнц хоорондоо харилцаж байна гэдэг бол ямар нэгэн байдлаар огтлолцол үүсэх зайлшгүй шаардлага гарч ирж байдаг. Тийм учраас зөрчил бол хүн хоорондын харилцаанд тохиолдож байгаа зайлшгүй тэр зүйл юм.

Зөрчил зөвхөн хосуудын хооронд болохоос гадна ээж аав, хүүхдүүдийн хооронд хүртэл үүснэ. Ах дүү ,хамаатан садны дунд ч гэсэн үүсэж байдаг өргөн хүрээтэй ойлголт юм. Бид ихэнхдээ зөрчил маргаан үүсэж байгаа гэр бүлийг таагүй харилцаатай гэр бүл гэж хараад байдаг. Тэгвэл гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаанд зөрчил маргаан үүсэхэд тэр асуудлаа, зөрчлөө яаж шийдвэрлэж байна вэ гэдэг тэр талаас нь хардаг болох нь чухал юм. Ингэснээр хүчирхийлэл, дарамт, ямар нэгэн таагүй үйл явдал болохоос урьдчилан сэргийлэхэд тусалж, дэмжих боломжтой учраас хандлага, харах өнцгөө бид зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Зөрчил үнэхээр тийм зайлах аргагүй, зарим тохиолдолд төвөгтэй болгодог асуудал юм бол бид хүн хоорондын харилцаандаа, гэр бүлийн гишүүдтэйгээ харилцахдаа анхаарах ёстой юм бэ. Жишээ нь, ажил дээр ямар нэгэн өөрчлөлт гаргах, нийгэмд ямар нэгэн өөрчлөлт гаргахад тэр өөрчлөлтийг ихэнх хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Гэтэл тэр гэр бүлийн гишүүдийн амьдралынх нь мөчлөгт ч юм уу, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа, зан үйл дээр гарч ирж байгаа өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхдөөжоохон хойрго ханддаг. Түүнээс болоод гэр бүлийн гишүүдийн хооронд зөрчил маргаан гарах нь их түгээмэл харагддаг” гэдгийг МОНФЕМНЭТ үндэсний сүлжээний Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал онцолж байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас гаргасан гэр бүлийн боловсрол олгох цуврал хичээл “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” сэдвээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорхи бичлэгийг үзнэ үү.

Эх сурвалж: Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close