
“Гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн харилцааг гэр бүлийн харилцаа гэх бөгөөд гишүүдийн эрх үүрэг гэр бүлд эзлэх байр суурь, нас, хүйс зэргээс нь хамааруулаад гэр бүлийн харилцааг үндсэн хоёр хэсэгт ангилдаг. Эхнэр нөхрийн хооронд үүсэж байгаа харилцааг гэр бүлийн цөм харилцаа буюу суурь харилцаа гэж үздэг. Харин эцэг эхчүүдээс хүүхдүүд, хүүхдүүд хоорондоо, мөн хүүхдүүд өвөө эмээтэйгээ харилцаж байгаа харилцааг гэр бүлийн дэд харилцаа гэж үздэг.
Тухайн гэр бүл амжилттай байж, тогтвортой байх вэ? Хэр зэрэг эрүүл, насан туршийн гэр бүл байх вэ гэдэг нь эхнэр нөхөр хоёрын хоорондын харилцаанаас шууд хамаардаг. Энэ нь нийгмийн янз бүрийн бүлгүүдийн харилцаанаас ялгаатай гэсэн үг. Юуны өмнө энэ харилцаа нь маш их хүлээлт ихтэй байдаг.
Гэрлэлтээс хүлээх хүлээлт, гэрлэлтийн бодит үнэн хоёрын зөрөө их байх тусмаа гэр бүлийн харилцаанд гомдол, сэтгэл ханамжгүй байдлууд бий болж байдаг. Хүнийг хүндэтгэх, хайрлах, хүндлэх ёсны хамгийн дээд утга учрыг шаардаж байдаг. Хүнийг яаж хайрлах юм? Яаж хүндлэх ёстой юм? тэр бүхэн гэр бүлд дээд утгаараа байвал тэр гэр бүл эрүүл, аз жаргалтай, тогтвортой байх үндэс нь бүрэлддэг гэсэн үг.
Бие биедээ итгэж найдсан, халуун дулаан харилцан бие биеийгээ хүндэлсэн, хайрласан, илүү их ирээдүйдээ итгэлтэй, бат бэх зорилгоор баримжаалсан харилцаа байх хэрэгтэй байдаг. Хэдий чинээ хосуудын хооронд нийцэл зохицол, дасан зохицох, хүлээн зөвшөөрөх, бие биеийнхээ дутууг нөхөх хэв маяг хэдий чинээ их бий болно тэр хэрээр гэр бүлийн харилцаа илүү сайн байдаг гэж ойлгож болно.
Ёс зүйн өндөр шаардлага бүхий, үнэнч, эрхэм нандин, ариун, харилцаан дээр суурилдаг гэсэн үг. Хэрвээ эхнэр нөхрийн аль нэг нь бие биеэсээ урвах юм болбол тэр гэр бүлийн харилцаанд ан ав үүсдэгээрээ маш их эмзэг, мэдрэмтгий харилцаа байдаг.
Гэр бүлийн харилцааны мөн чанар нь үндсэн 5 агуулгыг өөртөө багтааж байдаг.
- Эдийн засгийн харилцаа
- Хууль зүйн харилцаа
- Сэтгэл зүйн харилцаа
- Ёс зүйн харилцаа
- Жендерийн харилцаа бол явагддаг
Тиймээс гэр бүлийн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн зохицуулалтуудад энэ 5 төрлийн харилцааг хуульчилж өгсөн.
Гэр бүлийн харилцааны мөн чанар ямар байгаагаас нь хамааруулаад үндсэн хоёр хэв маягт хуваадаг.
Нэгдүгээрт: Эрүүл гэр бүл. Гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа, хүндлэл, хайр халамж сайн, хувь хүний төлөвшил, хөгжил хэвийн явагддаг. Гишүүдийн сэтгэл санаа амар тайван, амгалан байдаг, аз жаргалтай гэр бүлийг “Эрүүл гэр бүл” гэж нэрлэдэг.
Хоёрдугаарт: Эрүүл бус гэр бүл. Гэр бүлийн гишүүд нь бие биеэ хүлээн зөвшөөрөх, нээлттэй байх, эерэг уур амьсгал, харилцан ойлголцол, хайр хүндлэл, баяр хөөрийн хомсдолд орсон, ямар нэг хэлбэрийн хүчирхийллийн харилцаатай гэр бүлийг “Эрүүл бус гэр бүл” гэж тодорхойлдог” хэмээн Гэр бүл судлаач, доктор Б.Оюун-Эрдэнэ онцолж байна.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас гаргасан гэр бүлийн боловсрол олгох цуврал хичээл “Гэр бүлийн харилцаа, ёс зүй” сэдвээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорхи бичлэгийг үзнэ үү.
Эх сурвалж: Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар