БоловсролНийгэм

“Нахиа” хөтөлбөрийн хүрээнд 15000 ном бэлэглэв

Хятадын ӨМӨЗО-ны соёлын байгууллага, Монгол Улсын БСШУСЯ хамтран ажиллах санамж бичиг байгуулсны дагуу, Монгол Улсын хүүхэд багачуудыг ах дүү Өвөр монголын болон Хятадын хүүхдийн утга зохиолтой танилцуулах, тэдний оюун сэтгэлгээнд хөрөнгө оруулж ном хэвлэлийн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор “Нахиа” хөтөлбөрийг 2015 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байна.

Энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж буй Хятадын Өвөр монголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн нэг чухал, оюунлаг үйлс нь “Нахиа” хөтбөлбөрийн гурав дахь ээлжийн хүрээнд монголын хүүхэд багачуудад хятад, Өвөр монголын хүүхдийн ном бүтээлээс бэлэглэх, ном солилцох үйл явдал байсан юм. Ном бэлэглэх ёслол лхагва гарагт Монголын Хүүхдийн төв номын сангийн уншлагын их танхимд болж, нийт 1500 багцын 15.000 ширхэг номыг монгол даяарын хүүхдийн номын сан, ЕБС, соёлын төвүүд зэрэг 1200 байгууллагад хандив болгон бэлэглэж байгааг зарлан, Хүүхдийн төв номын сан болон нийслэл хот, бүх аймгийн номын санч, ном эрдэмд шимтэн шамдагч монгол ЕБС-ийн сурагчид, соёлын төвийн эрхлэгчид, хүүхдийн зохиолчдын төлөөлөлд тус тус гардууллаа.

Монголын ханшаар 300 сая төгрөгийн өртөг бүхий эдгээр оюуны бэлгийг Өвөр Монголын Багачууд хүүхдийн хэвлэлийн хороо, Өвөр Монголын Хэвлэлийн бүлэглэл бэлтгэж хэвлэсэн байна. Сэдвийн хувьд танин мэдэхүй, монгол ёс заншил, уламжлалт соёл, тэрчлэн хятадын хүүхдэд зориулсан, орчин үеийн амьтдын сэдэвт үлгэр, уран зохиол, Андерсений үлгэрүүд зэрэг дэлхийн хүүхдийн сонгодог бүтээлүүдийг хамарчээ. Бэлгийн эдгээр ном бүтээлүүдийг монголын хүүхэд багачуудад зориулан эх хэлээр нь, мөн кирилл болон үндэсний монгол бичгээр бэлтгэн хэвлэснээрээ онцлогтой байна.

Б.Элбэгзаяа

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close