Онцгой байдлын 19 албан хаагч Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV-р мотобуудлагын батальонд Онцгой байдлын байгууллагын 19 албан хаагч үүрэг гүйцэтгэхээр боллоо.
Эдгээр албан хаагчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагааны үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян үүрэг гүйцэтгэхээр явж байгаа бие бүрэлдэхүүнд амжилт хүсэн дэлхийд энх тайван тогтоох үйлсэд мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, эр зоригоо дайчлан ажилласны үр дүнд Онцгой байдлын алба хаагчдын нэр хүнд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага олон улсад илүү ихээр үнэлэгдэх болсон талаар онцлон тэмдэглэсэн юм.
Ёслолын ажиллагааны үеэр XIV-р ээлжийн бүрэлдэхүүнийг ахалж яваа НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Автын механик, дэслэгч Д.Түвшинтөгсөд Онцгой байдлын байгууллагын тугийг гардуулан өгсөн юм. Мөн үүрэг гүйцэтгэх алба хаагчдад шаардагдах эд хэрэгслийг хүлээлгэн өглөө. Тодруулбал объектын гал түймрийн тусгай зориулалтын хувцас хэрэглэл, дархлаа дэмжих эрүүл мэндийн багц болон бусад шаардлагатай эд хэрэгслийг хүлээлгэн өглөө.
XIV-р ээлжинд Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгэх 19 алба хаагчдын бүрэлдэхүүн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсээс гал сөнөөгч, аврагч зэрэг гурван офицер, ахлагч бүрэлдэхүүнээс бүрдэж байгаа юм.