Кувейтийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахарыг хүлээн авч уулзлаа
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Валийд Аль-Бахар болон холбогдох албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Төрийн нарийн бичгийн дарга Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахарыг Монгол Улсад айлчилж буйд талархал илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Найрамдал” медалиар шагнасанд баяр хүргэлээ. Мөн Зам тээврийн яаманд хүрэлцэн ирж, санал солилцож буйд талархал илэрхийлэв.
Монгол Улс 1996 оноос хойш Кувейтийн сантай хамтран ажиллаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд манай улс Кувейтийн сангийн 76 сая ам.долларын санхүүжилтээр авто зам, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, авто замын салбарт гурван том төслийг хэрэгжүүлжээ.
2002 онд Дархан-Эрдэнэт чиглэлийн авто зам барих төсөл, 2010 онд Эрдэнэт-Булган-Уньт чиглэлийн төсөл, 2015 онд Уньт-Тариалан чиглэлийн төслийг амжилттай хэрэгжүүлж, нийт 415 км авто зам барих төслийг 58 сая ам.доллароор санхүүжүүлсэн байна.
Харин энэ удаа хоёр улсын Засгийн газар Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөх, шинэчлэх төслийг хамтран хэрэгжүүлж байна.
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Кувейтийн сангаас олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалт манай улсын дэд бүтцийн салбар, тэр дундаа авто зам барих, орон нутгийн нисэх онгоцны буудлыг шинэчлэх ажилд зарцуулагдаж байгаад дахин талархал илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” зарлиг 2022 онд гарсны дагуу дэд бүтцийн салбарт хийхээр төлөвлөж буй зарим ажлуудыг танилцууллаа.
Тодруулбал, “Хархорум хотыг сэргээн байгуулах” ажлын хүрээнд Улаанбаатар Хархорум чиглэлд нийт 382 км авто замыг шинэчлэхээр тусгасан бөгөөд хамгийн эхэнд Улаанбаатар хот-Лүн чиглэлийн 101,7 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг төсөлд шаардагдах хөрөнгийг урьдчилсан байдлаар 362 сая ам.доллар байхаар тооцоолсон гэдгийг хэллээ.
Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг дөрөв бус зургаан эгнээ болгон өргөтгөн шинэчлэхээр туссаны дагуу уг төслийн ТЭЗҮ, санхүүжилтэд нэмэлт өөрчлөлт хийгдэж байгааг тодотгон хэлээд, төслийн санхүүжилтийг Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувэйтийн сантай хамтран шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
“Улаанбаатар-Лүн чиглэлийн авто зам нь баруун аймгуудыг зорих эхлэл зам бөгөөд Монголын анхны зургаан эгнээ, нэгдүгээр зэрэглэлийн зам байхаар төлөвлөж байгааг онцолсон юм.
Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахар “Бидний зүгээс Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллахад үргэлж бэлэн байх болно” гэдгээ илэрхийлээд, Кувейтийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахарыг хүлээн авч уулзлаа
Мөн төслийн талаарх нэмэлт мэдээллүүдийг богино хугацаанд хүлээж авах, ЗТЯ-наас тавьж буй саналыг олон улсын хөрөнгө оруулагч байгууллагуудад уламжилж, төслийн хэрэгжилтэд нэмэлт санхүүжилтыг олоход туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.
Уулзалтад Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Валийд Аль-Бахар, Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мухаммад Аль-Мутайри, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн, Кувейтийн Сангийн Зүүн өмнөд Азийн орнууд хариуцсан менежер Юсеф Г.Аль-Бадр, Кувейтийн Элчин сайдын яамны I нарийн Абдулла Аль-Уаниан нар оролцлоо.