НийгэмFocus

Өнөр хорооллын ард 2.7 км, Үйлдвэрчний эвлэлийн гудамжинд 5.6 км авто замыг жишиг байдлаар шинэчилнэ

НЗДТГ болон Дэлхийн банк хамтран “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Өнөр хорооллын арын 2.7 км авто зам, Баянхошуу буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг цогц, гудамж замын жишиг байдлаар өргөтгөн шинэчилнэ. Одоогоор ажлын зураг төслийг боловсруулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад байна. Бэлтгэл ажлуудыг бүрэн хангаж, гол бүтээн байгуулалтыг 2025 онд эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ талаар “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн зохицуулагч Х.Булгаагаас тодрууллаа.

Тэрбээр “Эдгээр замын зураг төслийг Финланд улсын Финнок компани Монгол Улсад анх удаа жишиг байдлаар гаргаж боловсруулсан. Өнөр хороолол, Баянхошуу орчмын тухайн бүс нь сургууль, цэцэрлэг олонтой суурьшлын бүс. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх төрлийн оролцогчийн аюулгүй байдлыг хангасан цогц, гудамж замын жишиг байдлаар бүтээн байгуулалтыг хийх юм.

Өөрөөр хэлбэл, замын ердийн шинэчлэлээс илүү нийтийн тээвэр, явган зам, унадаг дугуйн зам, ногоон байгууламжийг авто замтай нь иж бүрэн шинэчлэх онцлогтой” гэдгийг хэлэв. Мөн явган хүний гүүрэн гарц, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч бүхий гарц зэрэг нэмэлт тоноглолуудыг хийнэ. Дээрх замуудад ус ихээр тогтдог хэсгүүд байгаа учраас иж бүрэн ус зайлуулах системийг ч шийдэх аж. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг хангахаар төлөвлөжээ.

Өнөр хорооллын арын зам, Геологийн төв лабораториос Баянхошуу, Баруунсалааны салдаг уулзвар хүртэлх уг авто замуудыг Монгол Улсдаа жишиг байдлаар шинэчилснээр түгжрэлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close