ОХУFocus

“Сайн байна уу-Орос орон” хөтөлбөрт 219 хүүхэд хамрагджээ

Улаанбаатар дахь “Русский дом” төвөөс Монголын хүүхэд, залуус, төлөөлөгчид өнгөрсөн зуны турш орос орноор аялсан талаар мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд Валерия Кильпякова “Өнгөрсөн гурван сарын турш монгол залуус Москва, Самара, Красноярск, Санкт-Петрбург зэрэг ОХУ-ын хамгийн гоё хотуудаар аялж, танин мэдлээ. Бүр Умард туйл хүрсэн зочин бий.

Тэд эдийн засгийн хөтөлбөр, боловсролын хөтөлбөр, аялал жуулчлалын хөтөлбөрт хамрагдаж 17 муж, хотоор аялсан. Гол нь ОХУ-ын аль хот руу явах байсан зочдоо эхлээд заавал алтан Москватай танилцуулсан. Москватай танилцуулах аяллаа уламжлал болгоно” хэмээн тодотгосон билээ.

Тухайлбал, Самара хотод “Сайн байна уу-Орос орон” хөтөлбөрийг зохион байгуулжээ. Түүхэн маршруттай, үзэх харах зүйл ихтэй эл хотод манай ерөнхий боловсролын сургуулийнхан аялжээ. Тэдний нэг К.Амар “ОХУ-аар аялах боломж олгосон Русский дрмд баярлалаа. Явахдаа төсөөлж, мөрөөдөж байсан, санаж бодсон бүх зүйл биелсэн гайхалтай аялал байв. Олон ч найзтай боллоо. Сталины нуувч гэгдэх 37 метрийн гүнд аялсан гээд түүхэн ач холбогдолтой олон зүйл үзэж харсан” гэсэн юм.

Тэгвэл “Залуу лидерүүд” хөтөлбөрт хамрагдсан 25-35 насныхны төлөөлөл Э.Мөнхбаяр “Гайхалтай экстрим аялал байлаа. Халуун усгүй, сүлжээгүй, гар утасгүй, байгальд майханд 14 хонолоо. Дэлхийн шилдэг чулуун саадтай голоор аяллаа. Алтайн хязгаар нутаг үнэхээр сайхан байгальтай нүд алдам газар юм. Би байтугай мэргэжлийн хүн сүрдмээр экстрим аялал. Нүд баясаж, сэтгэл сэргэж, тархи амарсан аялал боллоо” гэв.

Хөтөлбөрийн бас нэг оролцогч Сараа “Москвагаас гарахад Экстрим аялал шүү гэж сануулсан. Гэхдээ учрыг нь нэг их сайн ойлгоогүй. Очоод л мэдэрсэн. Очоод эхний өдөр би юунд ирчихэв гэж бодсон. Майханд хоноод өглөө босохдоо нэгэнт дассан байсан. Орон орны залуустай танилцаж, нэг нэгэндээ тусалж, нэг мэдэхэд 14 хоног өнгөрсөн. Сэтгэл хоргодоод буцмааргүй байсан. Нэг нэгэндээ дэм болохын сайхныг мэдэрсэн. Би Монголдоо Алтай 5 богд руу гарч үзээгүй. Гэхдээ Орост очоод Алтайн хязгаарын сүрлэг уулсаар аялаад нутагтаа очоод Алтай 5 богд руу явъя гэж бодсон” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.

Мөн 15 орны блогер сэтгүүлчид Орос орноор аялсан байна. Тэдний бүрэлдэхүүнд NTB болон МҮОНТ-ын сэтгүүлчид ч багтжээ. Сэтгүүлчид аялсан “Манжерок” баазад тэртээ 1957 онд БНМАУ-ЗХУ-ын залуусын их наадам болж байжээ. Эл баазад дөрвөн өөр төсөл хэрэгжүүлжээ.

Үүнээс гадна Русский дом 9.10 дугаар саруудад ч сэтгүүлчдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. Англи, орос хэлний мэдлэгтэй, сэтгүүлч мэргэжилтэй хэн боловч хөтөлбөрт нэгдэх боломжтой гэнэ.

Мөн МУБИС-ийн болон Төв аймгийн Батсүмбэр сумын орос хэлний 27 багшийг урьж, чадавхжуулжээ. Ер нь бусад орны нийт 1200 залуу багш эл хөтөлбөрт нэгджээ. Хөтөлбөрт хамрагдсан Алтанзул “Бид Сибирийн их сургуульд зочилж, мэдлэгээ дээшлүүлж, төсөл бичиж сурсандаа баяртай байна” гэв.

Дээр хөтөлбөрт сурагчдын төлөөлөл болох Есдүгээр ангийн сурагч Х.Цолбон “Мэдлэгийн мөс зүсэгч” тав дахь удаагийн эрдэм шинжилгээ, соён гэгээрүүлэх аялалд явлаа. Амьдралын анхны аяллаа Москвагаас эхлүүллээ. Түүхэндээ анх удаа хойд туйлд хөл тавьсан сурагч болсондоо ч баяртай байна. Энэ аялал миний сэтгэлд гэрэл гэгээ тусгаж, ихэд догдлууллаа. Явах явахдаа бүр аавтайгаа бүх зардлаа даалгаж явсан. Түүхт хотоор аялж, Ленин мөс зүсэгч онгоцоор аялж, өдөр бүрийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлснээ дахин дахин хэлмээр байна” гэсэн юм.

Орон орны сурагчдад дэлхийн хэмжээний эрдэмтэд илтгэл тавьж, өдөр бүр -10-15 градусын хүйтэн байсан ч мастер тогооч нар Унгар, Хятад, Казахстан, Киргизстан,  Беларусь зэрэг 10 орны хүүхдүүдэд үйлчилж, сурагчид ая тухтай амарч, тархиа цэнэглэж чаджээ. Ийм боломж Монголын бусад хүүхдүүдэд ч нээлттэй гэдгийг Валерия Кильпякова хэлж байлаа. Русский домоос хэрэгжүүлсэн уг хөтөлбөрт өнгөрсөн жил Монголоос 60 хүүхэд залуу хамрагдсан бол өнөө жил 219 хүүхэд хамрагджээ.

Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчдийн дунд “Шударга харц” уралдаан зарлаж буйгаа дуулгалаа. Сэдэв харгалзахгүй оролцох боломжтой эл уралдааны нийт шагналын сан 6.2 сая рубль байх гэнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close