НийтлэлБайгаль орчинОнцлох

Хөвсгөл нуурын мандлын 2.53 хувь буюу 70 гаруй хав.дөр.км талбай бохирдохоос хамгааллаа

Яагаад Хөвсгөл нуурыг хамгаалах болов

Хөвсгөл нуур бол манай улсын цэнгэг усны 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг. Тэрчлэн  500 жил зарцуулж байж усаа нэг удаа цэвэршүүлдэг экосистемийн онцгой тогтоцтой нуур юм.

Монгол орны нийт гол мөрний арван жилийн урсацтай тэнцэх хэмжээний цэнгэг усыг Хөвсгөл нуур ай савдаа агуулж, ой тайгын 25 хувь, нэн ховор амьтан, ургамлын дийлэнх нь энэ нуурыг тойрон оршиж байна.

Гэвч сүүлийн жилүүдэд огцом өсөн нэмэгдэж байгаа хүний хэрэгцээ, аялал жуулчлал, нуурт живсэн машин техник, хог хаягдал, нуурыг түшиглэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас Хөвсгөл нуурын эко систем алдагдах аюул нүүрлэж, нуурын ус ихээр бохирдож, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх болсон.

Тиймээс 2019 онд Засгийн газрын 332 дугаар тогтоолоор байгалийн үзэсгэлэн цогцолсон Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, цаашид хүрээлэн байгаа орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын бүс нутгийг “Эко аялал, жуулчлалын бүс” болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Улмаар энэхүү асуудлыг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгуулан 2020 онд Ерөнхий  сайдын 117 дугаар захирамжийг гаргаж байв. Тус захирамжийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан ажлын хэсгийг анх байгуулсан. Ингэснээр “Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажиллагаа” 2021 онд эхэлсэн байна.

Татан гаргасан тээврийн хэрэгслүүдэд байсан хог хаягдал асгарсан бол….

1985 онд Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг 2021 онд амжилттай татан гаргасан нь өөрсдийн хүч, арга техникээр далай ээжээ бохирдлоос бүрэн салгаж чадах урам зоригийн эхлэл байв.

Энэхүү ажиллагааг эхлүүлснээс хойш буюу 2021-2024 онд 33.4-171 метрийн гүнээс 11 автомашин, техникийг тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатах тослох материал, аюултай хог хаягдлын хамт татан гаргаж, аюултай хог хаягдлыг аюулгүй болголоо.

Хэрвээ дээрх хэмжээний аюултай хог хаягдал асгарсан бол нуурын мандлын 2.53 хувь буюу 70 гаруй хав.дөр. км талбай бохирдож, улмаар Эгийн гол, Сэлэнгэ мөрөнг булингартуулан, цаашдаа дэлхийн цэнгэг усны 20 хувийг агуулдаг Байгаль нуурт ч нөлөөлөхөөр байсныг судлаачид онцолж байна. Мөн загас, жараахай болон усны бичил организмын 50 хувь үхэж, Хөвсгөл нуурын экосистемд үлэмж хохирол учрах тооцооллыг ч гаргажээ.

Хөвсгөл нуурыг живсэн тээврийн хэрэгслүүдээс цэвэрлэсний дараа түүнийг хамгаалах ажлууд үргэлжлэн явагдах юм. Тухайлбал, Хөвсгөл нуурын судалгааны төвийг байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр тус нуурын экологийн тогтоц, ойн санг хамгаалах асуудлыг цогц байдлаар судлах боломжтойг албаныхан онцолж байлаа.

Тэд ингэж ярив…

Иргэн Л.Сэмжид: Амьд гарсандаа гутарч хэдэн жил явлаа.  Одоо л жаахан онгойж байна

1981 онд Хөвсгөл нуурт живсэн УАЗ-469 маркийн автомашиныг 2024 оны долоодугаар сард ажлын хэсгийн бүрэлдэхүүн нуурын 171 метрийн гүнээс татан гаргасан юм. Тус живсэн автомашинд найман хүн явсан бөгөөд дөрөв нь амьд үлджээ. Тэдний нэг Тариалан сумын иргэн Л.Сэмжид ийнхүү ярьж байлаа.  

“Одоогоос 44 жилийн тэртээ энэхүү харамсалтай үйл явдал болсон. Тухайн үед бид Ханх суманд урьдчилан сэргийлэх үзлэгээр явж байлаа.  Гэвч машин маань далайн хил рүү жолоочийн талаар нууранд цөмөрч орсон. Би урд сууж явсан учраас үсэрч буугаад хойд хаалгаа онгойлгож, сувилагч, лаборант, машинд дайгдаж явсан нэг залууг гаргаад эргээд харахад машин минь орчихсон байсан.  Ёстой нүд эрмэхийн зуурт болдог юм билээ. Манай машинд найман хүн сууж явсан түүний дөрөв нь машинтайгаа хамт живсэн. Амьд гарсандаа гутарч хэдэн жил явлаа. Одоо л жаахан онгойж байна.

Жолооч Б.Найдандорж: Далай ээжээ бохирдуулчихлаа гэж олон жил шаналсан  

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Зил-130 загварын ЗА 70-10 улсын дугаартай ачааны автомашиныг 50 метрийн гүнээс нийт 56 цаг ажиллаж татан гаргасан. Тухайн ачааны автомашин нь мөсөн тээврээр бөс, бараа материал тээвэрлэж яваад 1989 оны нэгдүгээр сард Агьтын хил орчимд живсэн байжээ. Тухайн автомашины жолооч Б.Найдандорж гуай нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагааг зохион байгуулснаас хойш л миний машин гарч ирэх болов уу гэсэн итгэл, найдварыг тээж, 35 жилийн дараа дахин хөлөгтэйгээ учирсандаа хөл нь газар хүрэхгүй догдолж байгаагаа бидэнд хуучилсан юм.

Тэрбээр “1986 оны наймдугаар сард авсан машин. Хоёр жил дөрвөн сарын хугацаанд надтай хамт үүрэг гүйцэтгэж, зохих хэмжээний алдар хүндийг надад авчирсан. Зүүн гурван аймгаас бусад бүх аймгуудад цаг үеийн дайчилгаа тээвэр, өвс, ногоо, бөс бараа гээд бүх төрлийн барааг тээвэрлэж, хүргэдэг байлаа. Мөс цөмрөхөөс машины ар талын хэсэг орчихдог юм билээ.  Үсэрч буугаад хажуудаа явсан хүнээ татаж буулгаад амьд үлдэж байсан. Сигнал дуугараад л гэрэл нь анивалзаад л 10 минут хүрэхгүй хугацаанд л живчихсэн. Далай ээжээ бохирдуулахад хувь нэмэр оруулчихлаа гэж олон жил шаналж явсан. Гэтэл тос, масло нь яг хэвээрээ гарч ирсэн байна. Сэтгэл, санаа тайвшарч байна”.

Б.Цэнд

АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага, Агаарын харуул (Breathe Mongolia – Clean Air Coalition) болон Ногоон цэг уур амьсгал (Green Dot Climate) төрийн бус байгууллагууд Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Байгаль орчны сэтгүүлчдийн тэтгэлэг”-т хөтөлбөрийн хүрээнд нийтлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close