ЕрөнхийлөгчFocus

“Монгол, Швейцарын хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар албан ёсны уулзалтын дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд болж буй анхны төрийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд томоохон түлхэц болохыг талууд онцолж, “Монгол, Швейцарын хамтарсан тунхаглал”, “Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсныг зарлалаа.

Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон Швейцарын Холбооны Улсын даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, тууштай бодлогыг харилцан уялдуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Энд цугларсан хэвлэлийн төлөөлөгчид өө,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Виола Амхерд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны энэ айлчлал Швейцарын Холбооны Улсын Төрийн тэргүүний манай улсад хийж буй анхны түүхэн айлчлал бөгөөд Монгол, Швейцарын ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг бид хамтдаа нээж байна.

Газарзүйн байршлын хувьд алс хол Швейцарын Холбооны Улсыг бид манай улсын гуравдагч хөрш, Европ дахь итгэлт түншээ хэмээн үздэг бөгөөд хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлс нь манай хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлж, хамтын ажиллагааны чухал үндэс суурь болдог билээ.

Төрийн айлчлалын үеэр бид харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 60 жилийн ололт, амжилтыг бататгах, цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.

Бидний яриа хэлэлцээний дүнд “Монгол, Швейцарын хамтарсан тунхаглал”, “Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичиг”-т хоёр тал гарын үсэг зурлаа. Эдгээр баримт бичиг нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлж, ардчилсан засаглалыг улам бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

Ардчилал, хууль дээдлэх зарчим, сайн засаглалын үнэт зүйлийг бататгаж, хууль тогтоох болон иргэний нийгмийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг дэмжиж, шүүх болон эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлээр бид хамтарсан төсөл хэрэгжүүлнэ.

Швейцарын Холбооны Улс нь манай улсын гадаад худалдааны томоохон түнш бөгөөд хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг судлан хэрэгжүүлэхээр ярилцлаа.

Мөн хоёр улсын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтуудаа уялдуулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг бататгах, аялал жуулчлал, боловсрол, соёл, хөдөө ахуй, эрүүл мэндийн салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхээр тохирлоо.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд тогтвортой фермийн аж ахуй, мал аж ахуйн менежментийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, био-органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зэрэгт чиглэсэн хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Швейцарын стандарт, технологийг нутагшуулах, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан залуусыг сургаж бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг танилцууллаа.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг даван туулж, шийдвэрлэх нь бидний нийтлэг томоохон зорилт гэдгийг онцолж,  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилт болон Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Монгол Улсын ардчилсан тогтолцоо, сайн засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд зориулан Швейцарын ард түмэн, төр, засгаас өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд манай улсад 460 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж, үр дүнтэй олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэнд манай ард түмэн ямагт талархаж байдаг.

Мөн цар тахал, байгалийн гамшиг, үер, зудын бэрхшээлтэй тулгарсан цагт Швейцарын Холбооны Улс монголын ард түмэнтэй хамт байж, хүмүүнлэгийн болон хүний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн. Үүний нэг  жишээ нь “Зүрх мартахгүй” төслийг онцлохыг хүсэж байна.

Цаашид хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, газар хөдлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах чиглэлээр Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх, монголын зүрхний эмч нарын тусламжтайгаар хүүхдийн эмнэлгийн бүс нутгийн үйлчилгээг дэмжих ажлыг бид үргэлжлүүлэхээр тохиролцлоо.

 Мөн үндэсний соёлоо сурталчилж, спортыг дэмжих чиглэлээр бид хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Монголын түүхийн үзэсгэлэнг Швейцарын Цюрих хотын Рийтберг музейд 2025 онд гаргахаар боллоо.

Байгаль, цаг уур, далайд гарцгүй зэрэг бидний нийтлэг онцлог,  гадаад бодлогын ижил төстэй байр суурьтай манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхээ талууд нотоллоо.

Цаашид эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө өргөн хүрээнд хамтран ажиллах болно.

Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон Швейцарын Холбооны Улсын даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, тууштай бодлогыг бид харилцан уялдуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна.

 Анхаарал тавьсан Та бүхэнд баярлалаа”.

ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВИОЛА АМХЕРД:

“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Хэвлэл мэдээллийн эрхэм төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Өнөөдөр би Монгол Улсад айлчилж байгаадаа туйлын баяртай байна. Манай хоёр улсын олон жил ойр дотно хамтран ажиллаж ирсэн атал Швейцар Улсын Ерөнхийлөгчийн түвшинд анх удаа айлчилж байгаа нь итгэхэд бэрх ч  бодит үнэн юм. Энэ айлчлал Швейцар, Монголын харилцааны түүхэнд нэгэн чухал үйл явдал болж байгааг нэн хүндэтгэж, маш их баяртай байна.

Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны  60 жил, Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага Монгол Улсад 20 жил ажилласан амжилтыг энэ айлчлалаар ёслон тэмдэглэж байна. Үүний зэрэгцээ бид ирээдүйгээ харж,  хоёр улсын цаашдын харилцааг тодорхойлоход чухал ач холбогдол өгч байна.

Энэ зорилтын хүрээнд бид хоёр улсын хамтын ажиллагааны тухай Хамтарсан тунхаглал, “Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа. НҮБ-аас анхааруулсан “дэлхий дахинаа тархаж буй ардчиллын бууралт”-ыг сөрөн зогсоох нь Швейцар Улсын хувьд нэн чухал юм.

Монгол Улсад саяхан болсон парламентын сонгуулиар сонгогчдын оролцоо өндөр байж, сонгууль амжилттай болсон нь ардчиллын төлөөх иргэд, төрийн байгууллагуудын хүчин чармайлтыг тод илтгэн харууллаа.

Бид улс төр, хууль эрх зүйн чиглэлээр идэвхтэй харилцаа өрнүүлж байгаагийн зэрэгцээ эрүүл мэнд, худалдаа, хүмүүнлэгийн салбарт олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн бид бусад салбарт хоёр болон олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр болсныг өнөөдөр Хамтарсан тунхаглалдаа тусгалаа.

Швейцар, Монгол дэлхийн тавцанд олон асуудлаар ижил төстэй байр суурьтай. Тухайлбал, манай хоёр улс цаазын ялыг дэлхий дахинаа халахын төлөө байдаг.

Энх тайван, аюулгүй байдлыг хангах нь Швейцар Улсын олон талт гадаад бодлогын нэг тулгуур нь юм. Үүнтэй холбогдуулан энх тайван, тогтвортой байдлын төлөөх Монгол Улсын хүч чармайлт, ялангуяа НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж  байна.

Бид дэлхий дахины аюулгүй байдлын тогтолцооны талаар мөн ярилцлаа. Тухайлбал, энэ оны зургаадугаар сард Бүргеншток хотод болсон олон улсын бага хурлын дараа Украинд зүй ёсны, энх тайвныг тогтвортой цогцлоохын төлөө Швейцар Улсаас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.

Өнөөгийн нөхцөл байдалд энэ олон улсын бага хурал төсөөлж байсандаа хүрсэн. Үүний үр дүн нь асуудлыг урагшлуулахад чиглэсэн арга замыг эрэлхийлэхийг зорьсон. Швейцар Улсын хувьд байр суурь тодорхой бөгөөд хоёр талын оролцоог хангаж байж л энх тайвныг урт удаан хугацаанд цогцлоож чадна.

Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлын төлөөх Швейцар, Монголын хүч чармайлтын талаар бид мөн ярилцлаа.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Хатагтай, ноёд оо,

Швейцар, Монгол хоёр улс газар зүйн хувьд алс хол хэдий ч ардчилсан үнэт зүйл, эрх зүйт ёс, олон улсын тавцан дахь хамтын хүч чармайлт биднийг ойртуулдаг. Бид энэхүү нөхөрлөлөө улам бүр бататгаж, ирээдүйн боломжоо үр дүнд хүргэхээ нотоллоо.

Найрсаг зочломтгой хүлээн авч буй хүндэт Ерөнхийлөгч Танд талархал илэрхийлье. Манай хоёр улсын харилцааг түүчээлэн өргөжүүлэхдээ баяртай байна”.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close