Гадаад харилцааБоловсролНийтлэлВидеоОнцлохФото сурвалжлагаШинэ мэдээ

“Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудтай уулзав

Унгар Улсын Засгийн газрын “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудад чиг баримжаа олгох уулзалтыг Улаанбаатар дахь Унгар Улсын Элчин сайдын Яам, Унгар дахь Монгол Оюутны холбоотой хамтран зохион байгууллаа.

Уулзалтад Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Обрущанский Борбала Анна тэргүүтэй элчин сайдын яамны төлөөлөл, Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга, Унгар улсад суралцаж боловсрол эзэмшигчдийн төлөөлөл ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан болон тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутан залуусын төлөөлөл оролцов.

Ирэх жил дипломат харилцаа тогтоосны 75-н жилийн ой тохиох Унгар  Монгол хоёр улсын харилцаа бүхий л салбарт өргөжин тэлж, тэр дундаа боловсрол шинжлэх ухааны салбарт амжилттай хөгжиж байна. Өнөөдрийн байдлаар 1300 гаруй Монгол Улсын иргэн Унгар улсад дээд боловсрол эзэмшсэн бөгөөд Унгарт төгссөн оюутнууд Монголын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай байдаг гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

2013 онд Унгар Улсын Засгийн газрын “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улс нэгдсэнээр тэтгэлэгт хамрагдах оюутны тоог Унгарын Улсын Засгийн газраас 2015 онд 100, 2016 онд 200 болгон нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж, жил бүр 200 монгол оюутан Унгар Улсыг зорьж, унгар эсвэл англи хэл дээр баклавр, магистр, доктор зэрэг боловсролын бүх төвшинд 100%-ийн тэтгэлэгтэй суралцан боловсрол эзэмшиж байна.

“Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийг сонирхогчдын тоо сүүлийн жилүүдэд эрс өсөж бүртгүүлэгчдийн тоо 4-5 дахин нэмэгдсэн байна. Энэхүү хөтөлбөр нь нэг талаас залуучууд сургуулиа төгсөөд эх орондоо буцаж ирээд Монгол орны хөгжилд хувь нэмрээ оруулах, нөгөө талаас хоёр орны харилцааг хөгжүүлэх сайн дурын элч болдог ажээ.

Дашрамд дуулгахад, 1976 оноос 2013 оны хооронд 300 гаруй монгол оюутан залуус Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр ’’Унгар хэл дээр’’ дээд боловсрол эзэмшжээ. Оюутан залуусыг унгар хэл сурахыг уриалж байгаа бөгөөд, унгар хэл дээр суралцсанаар Унгар улсын талаар илүү ихийг танин мэдэж тухайн орны соёлоос суралцах боломжтой байдаг. Иймээс 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн Монгол Улсын Их Сургууль дээр унгар зочин багштай Унгар хэлний сургалтыг эхлүүлсэн нь унгар хэл дээрх сургалтанд оюутан залуучуудыг бэлтгэхэд тус дөхөм болж байна.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close