ЭМЯFocus

Хавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийв

Монгол Улсын Засгийн газраас хавдрын тусламж, үйлчилгээний чиглэлээр олон улсын хөндлөнгийн үнэлгээний багт хүсэлт тавьсны дагуу Олон улсын атомын энергийн агентлаг, Олон улсын хавдар судлалын агентлаг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан баг үнэлгээ хийхээр манай улсад энэ сарын 6-10-ны өдрүүдэд ажиллалаа.

​​​​

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат олон улсын хамтарсан үнэлгээний багийнхныг хүлээж авч уулзахдаа хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, төвлөрлийг сааруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт итгэж буйгаа хэлсэн. 

Манай улс хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор олон улсын хөндлөнгийн үнэлгээг хоёрдахь удаагаа хийлгэж байгаа бөгөөд тус үнэлгээний багтай гурван сарын хугацаанд 20 гаруй удаа цахимаар ажлын хэсгийн хурал хийж, хавдрын тусламж үйлчилгээний бодлого, эрх зүйн орчны өөрийн үнэлгээ болон бусад шаардлагатай мэдээллийг илгээж байсан юм.

Уулзалтын үеэр олон улсын үнэлгээний багийнхан өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төв, “Интермед” эмнэлэг, Эмгэг судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлгийн хавдрын тусламж, үйлчилгээний үйл ажиллагаатай танилцсанаа дуулгалаа.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны яам, Цөмийн энергийн комиссын ажлын албатай уулзаж, цацрагийн аюулгүй ажиллагаа, хамгаалалтын чиглэлээр үнэлгээ хийсэн ба Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн холбогдох хөтөлбөрийн эрдэмтэн, профессоруудтай хавдрын хүний нөөцийн төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтын талаар санал солилцсон байна.

Олон улсын хамтарсан үнэлгээний багийн урьдчилсан зөвлөмж, дүгнэлтээр хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх мэдээ мэдээллийг хүн амын зан үйлийн судалгаанд үндэслэн зохион байгуулах, эрт илрүүлгийн шинжилгээг оновчтой болгох, эрт илрүүлгээр илэрсэн тохиолдол бүрийг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хугацаа алдалгүй хамруулах, хавдрын тусламж, үйлчилгээнд өвчтөний ар гэрийг дэмжих чиглэлийн үйл ажиллагааг бий болгож хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн уялдаа холбоог сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааг өргөжүүлэхэд анхаарах нь зүйтэй гэв. 

Түүнчлэн хамтарсан үнэлгээний багт ажилласан олон улсын байгууллагууд хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Энэхүү хөндлөнгийн үнэлгээний эцсийн зөвлөмж арваннэгдүгээр сард гарна. Энэ хүрээнд Монгол Улсад хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлуулахад дээрх гурван агентлагаас мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ гэдгийг үнэлгээний багийнхан онцоллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close