ОХУFocus

Гэгээн-Троицкийн сүмийг үүсгэн байгуулагдсан өдрийг тэмдэглэв

Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас Улаанбаатар хот дахь Оросын Үнэн алдартны шашны гэгээн Троицкийн сүмийн 160 жилийн ой тохиолдуулан Монголд үйл ажиллагаа явуулдаг шашны төлөөлөл болон бусад зочдыг урьж, хүндэтгэлийн хүлээн авалт /2024.04.03/ зохион байгууллаа.

Энэхүү ёслолд Монгол Улсаас УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, Л.Эрдэнэчулуун, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Х.Наранхүү, Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн нарийн бичгийн дарга, ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн холбооны дэд тэргүүн Д.Цогцолмаа Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ болон Гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Беларусь болон БНАСАУ-ын Элчин сайд нар оролцов.

Монголын Эзэнт гүрний үед Үнэн Алдартны шашны дэлгэрч, эрчимжсээр өнөөгийн Орос улсын соёл иргэншлийн үндэс суурийг тавьсан гэж үздэг. Оросын түүхэн дэх хоёр дахь гэгээн нь Чингис хааны жич, Бат, Бэрх хаадын үеэл хүү Даир Кайдагул буюу гэгээн Ордын Петр байжээ. Өдгөө ОХУ-ын хүн амын 66 хувь нь үнэн алдартны шашнаа шүтдэг байна. Харин үлдсэн нь лал, будда, христийн бусад урсгал болон иудейн шашинтнууд байдаг аж.

160 жилийн тэртээ буюу 1864 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Монголын нийслэл Их хүрээ хот дахь Оросын Хаант Улсын Ерөнхий консулын газрын дэргэдэх сүмд үнэн алдартны шашны анхны мөргөл хийсэн түүхтэй. Энэ өдрийг түүхэнд Улаанбаатар хот дахь Оросын Үнэн алдартны шашны Гэгээн-Троицкий сүмийг үүсгэн байгуулагдсан өдөр хэмээн тэмдэглэжээ.

Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайд Алексей Николаевич Евсиков энэ үеэр “Чингис хааны жич, Бат, Бэрх хаадын үеэл хүү Даир Кайдагул буюу гэгээн Ордын Петр залуу насандаа хааны өргөөнөөс явж үнэн алдартны шашны ариун угаалга хүртэн буян үйлсийг дэлгэрүүлэхэд хамаг насаа зориулсан. Улмаар Их Ростов хотын ойр хавьд Петровын сүм хийдийг барьж байгуулсан. Сахилга санваар сахиж амьдарсан тэрээр эгэлчүүдийн болон ростовын нутгийн ван ноёдын хүндэтгэлийг хүртсэн билээ. Чингис хааны удам болох үнэн алдартны шашны зүтгэлтэн тэрээр 1290 онд бурхны оронд заларсан ч Орос Улс түүнд хүндэтгэл үзүүлсээр ирсэн бөгөөд 1547 оны шашны их хуралд түүнийг шашны гэгээн болгожээ” хэмээн онцоллоо.

Харин Улаанбаатар дахь Оросын Үнэн алдартны шашны гэгээн Триоцкийн сүмийн ширээт лам Антони Гусев “Гэгээн-Троицкийн сүм 160 жилийн дараа ч үйл номлолоо явуулсаар байна. Өнөөдөр Оросоос морилон ирсэн лам нар ч бидэнтэй баяр хөөрөө хувалцаж байна. Тухайлбал 1990-ээд оны үед Монгол дахь үнэн алдартны сүсэгтнүүдэд ном айлдаж байсан Хиагт хотын Олег лам, манай сүм хийдийн оюун санааны шавь Владислав, Эрхүү хотын Евгений Старцев лам болон Григорий, Дионисий хоёр лам, эгэл сүсэгтнүүдээс бүрдсэн «Знамение» шашны найрал дууны хамт олон Монголд ирлээ” гэв.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close