ОХУFocus

Халдлагад 60 хүн амиа алдаж, 145 хүн шархадсан гэж ОХУ мэдэгдэв

Нийслэл Москвагийн төвөөс холгүй орших Москва мужийн Красногорск тойргийн засаг захиргааны төвд байдаг Crocus City Hall-д концерт үзэж байсан үзэгчид рүү гэмт этгээдүүд халджээ.

зураг

Оросын албаныхны мэдээлснээр гэмт этгээдүүд баасан гаригийн 22 цагийн орчим /2024.03.22/ дайран орж, гал нээсний улмаас 60 гаруй хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан байна. Мөн гранат шидэж, шатах тэсрэх бодис хэрэглэн түймэр тавьжээ. Баасан гаригт болсон халдлага нь ерөнхийлөгч Владимир Путин сонгуулийн санал хураалтыг зохион байгуулж, эрх мэдлээ чангатгаснаас хэдхэн хоногийн дараа боллоо. Халдлагын хариуцлагыг Исламын улс бүлэглэл өөртөө хүлээсэн бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр холбогдох сувгуудаар нийтэлсэн байна.

зураг

Пикник рок хамтлагийн тоглолтыг үзэхээр цугларсан хүмүүс рүү халдсан эл халдлагын үеэр концертын танхимд их хэмжээний гал гарч, дээврийн зарим хэсэг нуржээ. “Болсон явдлын талаар, авч буй арга хэмжээний талаар ерөнхийлөгч бүх мэдээллийг тогтмол авч байгаа” гэж Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна. Томоохон гэмт хэргүүдийг мөрддөг Оросын Мөрдөн Байцаах Товчоо уг халдлагад “терроризмын хэрэг” үүсгэн шалгаж байгаагаа мэдэгджээ.

Оросын эрх баригчид Москва хотын нисэх буудал, төмөр замын өртөөнүүдийн харуул хамгаалалтыг чангатгасан байна.

Халдлага гарсан концертын танхим нь 6,000 хүний суудалтай юм. Оросын сошиал орчинд эмх замбараагүй гүйлдэж буй хүмүүс, газарт хөдөлгөөнгүй хэвтэх хүмүүсийн дүрс бичлэгүүд цацагдаж байна.

Сүүлийн жилүүдэд ОХУ-ын нутаг дэвсгэрт ийм том хэмжээний зэвсэгт халдлага гарч байгаагүй юм. Гэхдээ энэ сарын эхээр Москва дахь АНУ-ын элчин сайдын яам зэвсэгт халдлага гарч болзошгүй тул өөрийн иргэдийг Оросын нийслэлийн олон хүн цугларсан газруудаас хол байхыг анхааруулж байжээ. Өрнөдийн өөр хэд хэдэн улсын элчин сайд нар ижил анхааруулга гаргаж байсан аж.

зураг

2000-аад оны эхээр Оросын арми Чеченийн салан тусгаарлагчидтай дайтаж байх үед тус улсад зэвсэгт халдлагууд байнга гардаг байсан. Тухайлбал 2002 оны аравдугаар сард Чеченийн зэвсэгт этгээдүүд Москвагийн театрт 800 орчим хүнийг барьцаалж байжээ. Хоёр өдрийн дараа Оросын тусгай хүчнийхэн театрыг эзлэх үеэр барьцааны 129 хүн, Чеченийн 41 дайчин алагдаж байв. Тэдний ихэнх нь Оросын тусгай хүчнийхний хэрэглэсэн хорт утааны улмаас амь үрэгдсэн юм. 2004 онд өмнөд Оросын Беслан хотын сургуулийг Чеченийн 30 орчим зэвсэгт этгээд барьцаалахад 330 орчим хүн алагдсаны тал нь хүүхдүүд байжээ.

Өчигдрийн халдлагыг Исламын Улс зэвсэгт бүлэглэл үйлдсэнээ сүүлд хүлээсэн байна. Халдлага үйлдсэн гишүүд нь даалгавраа биелүүлсний дараа “бааз руугаа аюулгүй буцсан” тухай Телеграм сүлжээнд нийтлэгдсэн дээрх мэдэгдэлд өгүүлжээ.

ОХУ-ын Үндэсний Гвардийн цэргүүд хэргийн газарт ажиллаж, халдлага үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаагаа мэдэгдсэн байна.

АНУ болон Өрнөдийн орнуудын эрх баригчид зэвсэгт халдлагыг буруушааж, Оросын ард түмэнд эмгэнэл илэрхийлцгээжээ.

Эх сурвалж: Reuters & FOX5

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close