ЕрөнхийлөгчБайгаль орчинОнцлох

У.Хүрэлсүх: Байгаль орчноо хамгаалахын төлөө нэгэн сэтгэлээр хамтран зүтгэе

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ой 9+” уриан дор зохион байгуулж буй Ойн салбарын үндэсний II чуулган Төрийн ордонд эхэллээ.

Чуулган нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан “Монгол Улсын ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2030 он гэхэд 9.0 хувьд хүргэх” зорилтыг хэрэгжүүлэх, ойн салбар дахь ололт амжилтаа дүгнэх, цаашдын зорилт, бодлогоо тодотгох зорилготой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж үг хэллээ. Тэр бээр Ойн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийсэн ажлыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.

428462863_1151371762900794_2829408514275315259_n

Өнгөрсөн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад ойн экосистемийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн ойлголт хандлага, сэтгэлгээнд ихээхэн өөрчлөлт гарч, мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах үйлсэд ард нийтээрээ хамтран зүтгэж байгааг онцоллоо.

Цаашид ойн салбарын бодлого, эрхзүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилт, шинжлэх ухаан, технологийн чадавхыг сайжруулахад чиглэсэн дэс дараатай арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг хэллээ.

Ерөнхийлөгч Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн боловсруулж, батлах, ой байгалийн аясаар нөхөн сэргэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэрлэх чадвар болон хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх нь ойн анги, ойн мэргэжлийн байгууллагуудын үндсэн чиг үүрэг байх ёстой гэж үзэж байна.

Ойн салбарт техник, технологи, инновацын хөгжлийн ололт амжилтыг  тууштай нэвтрүүлэх, механикжуулах, технологи дамжуулах үйл ажиллагааг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх шинжлэх ухааны байгууллагын бүтцийг одоогийн хүрээлэнгүүдийн салбар, нэгжүүдийг нэгтгэх замаар шинэчлэн зохион байгуулах шаардлагатайг  хэлэв.

Ашиглалтын ойн нөөц бүхий Хойд, Төв, Зүүн бүсэд Ой модны кластер үйлдвэрүүдийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулж ой хамгаалал, нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлын зардлыг үйл ажиллагаанаасаа санхүүжүүлдэг болох зэргийг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг сануулав.

Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, ойн үнэ цэнийг нэмэгдүүлэх, ард иргэдийн ойн талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, ойн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг сайжруулахад чиглэсэн тодорхой, үр дүнтэй арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэх ёстойг хэлэв.

Мөн ойн салбарын зорилт, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарын хамт олны санал санаачилга, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хөдөлмөр зүтгэл хамгийн чухал гэдгийг тэмдэглэлээ.

Түүнчлэн байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, улмаар улс үндэстнийхээ аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө төр засаг, түмэн олноороо нэгэн сэтгэлээр хамтран зүтгэхийг уриаллаа. 

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД 41.5 САЯ МОД ТАРЬЖ УРГУУЛЛАА

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд 41.5 сая мод тарьж ургуулаад байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мод үржүүлгийн газрын тоо 452 болж, 39 зүйлийн мод сөөгний 12 тонн үр, 63 сая ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ.

2023 онд 275 мянган га талбайн тэрбум орчим модыг хортон шавжнаас хамгаалж, доройтолд өртөн, хатаж хуурайшихаас сэргийлж чадсан бөгөөд энэ жил 300 гаруй мянган га талбайг ойн хөнөөлт шавжнаас хамгаалахад 20 гаруй тэрбум төгрөг зарцуулах юм.

Үндэсний хөдөлгөөний хүрээнд тарих нийт модны 50 гаруй хувийг уул уурхайн компаниуд тарих бол Монголбанк, арилжааны банкууд “Тэрбум мод сан” байгуулан төсөл, хөтөлбөрүүдэд ногоон санхүүжилт олгож байна.

Монгол Улс Европын холбооны “Ойн түншлэл”-д нэгдэн орсон Ази тивийн анхны улс болж, энэ хүрээнд төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Ойн генетик нөөцийн төв” болон “Хөрсний инновац, технологийн төв” байгуулан ойн салбарын дэд бүтцийг бэхжүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт хийлээ.

Монгол Улс ойгоо хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр идэвхтэй байр суурь баримталж, олон улсын түвшинд олон санал, санаачилга дэвшүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, 2024 оны наймдугаар сард НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”, 2026 онд Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах юм.

Түүнчлэн 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулаад байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close