Фото: “Орлон тоглогч”
“17” продакшн, Voo-гийн хамтын бүтээл “Орлон тоглогч” олон ангит киноны нээлт өчигдөр /2024.02.29/ Корпорейт зочид буудалд боллоо. “Voo” кино сангаар долоо хоног бүрийн пүрэв гарагт гарах тус кинонд хүүхэд наснаасаа найзалсан таван гол дүр, туслах болон үгтэй дүрүүд нийлээд 60 гаруй хүмүүс оролцжээ. 16 ангитай тус киноны гол дүрд жүжигчин Б.Ноба, Ч.Очгэрэл, Б.Амарсайхан, Э.Билэгтмаа, Ч.Түвшинтөгс нар ажилласан байна.
Нээлтийн ёслолдоо зориулан эхний гурван ангийг үзэгчдэд сонирхуулав. Хангай бол өсөж яваа өмгөөлөгч, өөртөө итгэлтэй, ухаалаг залуу юм. Тэрээр эхнэр Сарнай, 18 настай охин Намуунаа нарын хамт амьдардаг. Хосоо зүс царай өв тэгш ганц бие нэгэн. Билэгээ эхнэр Хулангийн хамт Америкт 18 жил амьдарч байгаа бөгөөд хэнд ч хэл хүргэхгүйгээр гэнэт Монголд ирнэ. Дархан хотод төрж өссөн багын найзууд болох Хангай, Билэгээ, Хосоо нар 19 жилийн дараа эргэн уулзаж, хүүхэд насны гэгээн дурсамж, учир битүүлэг үлдсэн хайрын түүхүүд сэргэнэ. Гурван найз эргэн уулзсан баяраа зөвхөн эрчүүдээрээ тэмдэглэхээр болж, хоёр бүсгүйтэй наргиж яваад, учир битүүлэг хүн амины хэрэгт орооцолдсоноор үйл явдал өрнөх аж.
П.Нарандэлгэр