Э.Урангаа: Боловсролыг хувирган өөрчлөх нь шинээр бүтээх тухай ойлголт биш
“Монголын боловсролын хувирган өөрчлөлт” үндэсний чуулган энэ 03 дугаар сарын 04, 05-ны өдөр Улаанбаатар хотноо болохтой холбогдуулан Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан,Соёлын Байгууллагын Монголын үндэсний комиссын Боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Урангаатай “Боловсролын хувирган өөрчлөлт” сэдвээр ярилцлаа.
ЮНЕСКО нь боловсролыг хувиран өөрчлөхийг уриалж дэлхийн урс орнууд ч нэгдээд буй. Үүнийг зорилгыг товч тодорхойлбол?
Бид өнөөгийн байдлаар явбал ирээдүйд бид тогтвортой хөгжлийн зорилтод хүрч чадахгүй нь. Уур амьсгалын өөрчлөлт улам нэмэгдэж, нөхцөл байдал улам хэцүү болох нь гэдгийг дэлхийн улс гүрнүүд, бүгдээрээ хүлээн зөвшөөрлөө. Одоогийн байдлаар нийгмийн эрх тэгш байдал, жендерийн тэгш байдал, ардчилалд ухралт гарч популист үзэл хандлага нэмэгдсээр байна. Үүнийг өөрчлөх хүч нь боловсрол. Шударгаар хэлбэл Монгол улсын хөгжлийн хоцрогдлын үндэс суурь ч боловсролтой холбогдоно. Боловсрол нь ирээдүйд чиглэсэн байх ёстой. Ирээдүй гэдэг нь хүүхдүүд, түүн дундаа хамгийн их анхаарах хэсэг нь сургуулийн өмнөх боловсрол юм.
Боловролын салбарын дэлхийн томоохон итгэлүүдийн нэг болох боловсролын хувирган өөрчлөлтийн талаар ЮНЕСКО 2021 онд “Ирээдүйгээ хамтдаа дахин төсөөлөх нь: Боловсролын нийгмийн шинэ гэрээ” дэлхийн тайлан гаргасныг ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс 2022 онд монгол хэлээр орчуулж олон нийтэд хүргэсэн. Тус тайланд боловсролын хувирган өөрчлөлт гэдгийг дараах байдлаар тодорхойлсон.
Хувирган өөрчлөлт гэдэг нь манай, бидний энэ систем болохгүй байна, устгаад шинээр хийе, бүтээе гэсэн үг биш юм. Харин дараах гурван үндсэн асуултыг тавьж хариу хайж байна.
–Юуг авч үлдэх вэ,?
– Хэрхэн өөрчилж сайжруулах вэ?
-Цаашид юуг шинээр санаачлах вэ?
Тэгвэл бидний авч үлдэх боловсрол нь юу байх вэ?
Монголчууд бидний авч үлдэх боловсрол бол соёл, өв уламжлал, соёл дээр суурилсан боловсрол. Хувирган өөрчлөх чанар, зарчим, үнэт зүйлийг сайн санаж байх ёстой. Чанарын хувьд жишээлбэл сургуулийн орчныг онцолж болох юм. Бид сургуулийн сургалтын орчныг ханаар хязгаарладаг. Тэгвэл сургууль ирээдүйд дан ганц хана байх ёсгүй. “Ирээдүйгээ хамтдаа дахин төсөөлөх нь: Боловсролын нийгмийн шинэ гэрээ” тайланд сургууль бол дэлхийн том номын сан байх ёстой гэдэг.
Хүүхдүүд хоорондоо харилцаж, тусалж дэмждэг, мэдлэгээ бусдад түгээдэг байх ёстой. Сургалтын хувьд яаж бодохыг заах бус сурснаа хэрэгжүүлдэг, хэрэглэдэг хувирган өөрчлөлтийн элч байхад төвлөрөх юм. Мэдээж энэ мэдлэгийг олгох, эзэмшүүлэх гол тоглогч нь багш. Боловсролын хувирган өөрчлөлтөд багш нэлээн онцлох үүрэгтэй ажиллах ёстой. Гэхдээ багш ийм элч, оролцогч байхын тулд боломжоор хангагдсан байх хэрэгтэй. Үүнд мэдээж санхүүжилт шаардагдана.
Бид сургуулиа засахад, ном сурах бичиг хэвлэхэд илүү их хөрөнгө зарцуулдаг. Гэтэл заримдаа хүссэн үр дүн гардаггүй. Мөн мэдээлэл харилцааны технологид ч бидихххэн хөрөнгө зарцуулдаг болсон. Тэгвэл боловсролыг хувирган өөрчлөхийн тулд заавал орчин үеийн, үнэтэй технологи шаардана гэсэн үг биш юм.
Боловсролын хувиран өөрчлөлтийн бас нэг онцлох сэдэв бол жендерийн тэгш эрх, соёлын үнэт зүйл, хүн бүрийн ялгаатай байдлыг хүндэтгэсэн мэдлэг ойлголтыг хүүхдүүд, олон нийтэд түгээх. Дэлхий глобалчлагдаж, бид дэлхийн иргэн байх тухай ярьж буй хэдий ч улс орон бүр өөрийн гэсэн соёл уламжлалтай. Тиймээс өөрийн гэсэн өв соёлоо, мөн өөр улс үндэстний соёлыг ойлгож хүндэтгэж байж сая дэлхийн иргэн болно.
Суралцахуй бол тарааж өгсөн хөтөлбөрийг уншиж дуусгаад дүн авах тухай биш юм. Хүүхдүүд бие биедээ туслах, харилцан ойлголцох, хамтран ажиллах нь чухал боллоо гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна.
Боловсролын шинэчлэл, хувирган өөрчлөлтөд манлайлал үзүүлж буй улс орнуудын нэг нь Монгол гэсэн байсан. Чухам аль чиглэлд манай улсын үүрэг оролцоо илүү өндөр байна вэ?
2022 онд Нью Йорк хотноо болсон “Хувьсаж буй боловсрол” Олон улсын дээд хэмжээний чуулга уулзалтад дэлхийн 150 гаруй улс орон оролцож үүрэг амлалт, түүний хэрэгжилтээ танилцуулсан. Манай Монгол улс боловсролын хувирган өөрчлөлтийн чиглэлээр төр, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, олон нийт, хүүхдүүд, хэвлэл мэдээллийн салбар гээд олон талуудтай хэлэлцэж, сэдвийн хүрээнд амлалтаа гаргасан.
Энэ тал дээр Монгол улс манлайлж байна. Цахим үндэстэн болох хөгжлийн зорилтын хүрээнд боловсролын салбар “Цахим шилжилт” гэсэн стратеги зорилт дэвшүүлж сайн ажиллаж байна. Энэ тал дээр Монгол улс НҮБ-ын Хувьсаж буй боловсролын чуулганаар технологийн чиглэлээр манлайлал үзүүлж байгаа дэлхийн тэргүүлэгч таван орны нэг болсон нь том амжилт.
ЮНЕСКО-оос 2024 онд дэлхий нийтэд хандан “Энх тайвны төлөө суралцацгаая” гэсэн уриалгыг дэвшүүлээд буй. Үүний утга учрыг тайлбарлавал?
Гол агуулга нь насан туршийн суралцахуй, бичиг үсэг, хэвлэл мэдээлэл, дижитал бичиг үсгийн боловсролтой холбогдоно. Хүн амьдралынхаа бүхий л туршид суралцах боломжтой, тийм ч эрхтэй. Манайд энэ талын ойлголт тааруу гэх үү дээ. Их, дээд сургуульд сураад төгсчихсөн бол суралцах үйл ажиллагаа дуусчхаж байгаа мэт ойлгох хандлага бий. Боловсролыг бид зөвхөн албан боловсролын байгууллагуудаас бус гэр бүл, ажил, хүрээлэн буй орчноос олж авч байдаг.
Ирэх 3 зугаар сарын 04, 05-н өдөр “Монголын боловсролын хувирган өөрчлөлт” үндэсний чуулган УБ хотноо болох гэж байна. Үүнд ЮНЕСКО ямар үүрэгтэй оролцох вэ?
ЮНЕСКО тус чуулганаар хувьсаж бус буй боловсролын үндсэн санаагаа танилцуулна. “Ирээдүйгээ хамтдаа дахин төсөөлье: Боловсролын нийгмийн шинэ гэрээ” тайлан гарснаас хойш яг үндэс сууриа болгож энэ удаа тус чуулганыг зохион байгуулж байна. Тиймээс тайлангаа танилцуулах, түгээн дэлгэрүүлэх зорилттой ажиллаж байна. Тус тайлан нь суралцахуй болон сурагчид, багш нар, мэдлэг, дэлхий ертөнц хоорондын харилцан хамаарлын талаар өөрөөр бодох боломжийг бидэнд олгоход чиглэсэн.
ЮНЕСКО-ийн зүгээс Монгол улсын цахим шинэчлэлтийг дэмжиж ажиллах зорилттой. Тиймээс ч боловсролын мэдээлэл харилцаа технологийн мастер төлөвлөгөөг батлаад байна. Энэ төлөвлөгөөнд талуудын үүрэг оролцоо, харилцаа, хамтын ажиллагаа ямар байх тал дээр ажиллана. Мөн багш нарын харилцаа холбоо, мэдээллийн технологийн чадамжийг сайжруулах, технологийн боловсролыг сайжруулах чиглэлд дэмжиж ажиллана. Ер нь технологи нь боловсролын системд ямар нэг дарамт үзүүлдэг хэрэгсэл байх ёсгүй. Санхүүгийн ашиг сонирхолтой ч холбогдох учиргүй. Технологи боловсролын ялгааг нэмэгдүүлж, нийгмийн тэгш эрхт байдлыг бууруулах ёсгүй гэдгийг уламжилмаар байна.
——————————————————————————————————————–
“ЮНЕСКО нь хувирган өөрчлөх суралцахуйгаар дамжуулан дэлхий нийтийг хамарсан өнөө үеийн сорилтуудад хариу арга хэмжээ авах хүчин чармайлтыг удирдан чиглүүлэхийн хамт бүх үйлийнхээ хүрээнд жендэрийн тэгш байдал ба Африк тивд онцгой анхаарал хандуулдаг …”
“…Боловсрол нь биднийг дэлхий ертөнцтэй болон өөр хоорондоо холбогдох шинэ бололцоог нээж, яриа хэлэлцээ хийх, үйл ажиллагаа явуулах чадавхыг маань бэхжүүлдэг. Гэвч энх тайван, шударга ёс, тогтвортой ирээдүйг бий болгохын тулд боловсрол өөрөө хувиран өөрчлөгдөх ёстой.”
Эх сурвалж “Ирээдүйгээ хамтдаа дахин төсөөлөх нь: Боловсролын нийгмийн шинэ гэрээ” 2022
Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс
Эх сурвалж: “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб