Уул уурхайОХУОнцлохШинэ мэдээ

“Монголросцветмет” ТӨҮГ-ын гурван цагийн хэлхээсийг хэлэлцэв

“Монголросцветмет” Төрийн өмчит үйлдвэрийн газар нь БНМАУ, ЗСБНХУ-ын (хуучин нэрээр) Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1973 онд Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл нэртэйгээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх, улсын экспортын чадавхийг нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулагдаж, эдүгээ 50 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй. Ойг тохиолдуулан ОХУ-ын Элчин сайдын яам, ОХУ-ын Монгол Улс дахь Худалдааны төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь Русский дом болон “Монголросцветмет” ТӨҮГ хамтран Улаанбаатар дахь Русский домд буюу РЦНК-д дугуй ширээний уулзалтыг /2024.02.27/ зохион байгууллаа.

Энэ үеэр “Орос-Монгол хоёр улсын уул уурхайн салбар дахь стратегийн түншлэлийн харилцаа”, “Монголросцветмет” ТӨҮГ-ын 50 жил буюу өнгөрсөн, одоо, ирээдүй  сэдвийн хүрээнд хурал хэлэлцүүлгийг хийж, санал бодлоо солилцов.  

Уг арга хэмжээнд Оросын талын төлөөлөгчдийг ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиков, Монголын талын төлөөлөгчдийг Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга нар тэргүүлэн ажиллалаа.

Харин Оросын талаас уул уурхайн салбарын тус улсын томоохон компаниуд, мөн тус чиглэлээр боловсрол олгодог Оросын их дээд сургуулиудын төлөөлөгчид Монголд хүрэлцэн ирж оролцлоо.

Мөн Монголын талаас “Монголросцветмет” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Б.Мөнхбат тэргүүтэй тус үйлдвэрийн газрын төлөөлөгчид, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны мэргэжилтнүүд, “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөл оролцож байна. Мөн энэ үеэр  “Монголросцветмет-50 жил” фото зургийн баримтат үзэсгэлэн дэлгэгдэв.  

Энэхүү үйлдвэр нь  2007 оноос хязгаарлагдмал хариуцлагатай компани, 2019 оноос Төрийн өмчит үйлдвэрийн газар болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Тухайлбал, 1973 оноос 2016 он хүртэл Үйлдвэрийн газрын Дүрмийн сангийн 51 хувь, Монгол Улсын, 49 хув нь ОХУ-ын өмчлөлд байсан бөгөөд 2016 оноос Монгол Улсын төрийн өмчийн эзэмшилд 100 хувь шилжсэн байдаг билээ.

Тус үйлдвэрийн газар нь, хайлуур жоншны хүдэр олборлолт, баяжуулалт,  төмрийн хүдрийн олборлолт, баяжуулалт, алт олборлолт, баяжуулалт, хайрга, дайрга, элс үйлдвэрлэл,  геологи хайгуулын ажлын чиглэлээр тус тус үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд жилд 550-600 мянган тонн хайлуур жоншны хүдэр, 2.4 сая тонн төмрийн хүдэр олборлон, 320-400 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал боловсруулж, 110-120 мянган тонн жоншны баяжмал үйлдвэрлэн, 2.0 сая тонн алт агуулсан элс угааж нийт 1550 гаруй хүнийг ажлын байраар тогтмол ханган ажиллаж байна.

“Монголросцветмет” ТӨҮГ байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл өөрийн ажиллагсад болон орон нутгийн ард иргэдийн мэдлэг, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, мэргэжлийн өндөр ур чадвартай олон зуун үндэсний боловсон хүчнийг бэлтгэн гаргасаар ирсэн гэдгийг албаныхан онцолж байлаа. Түүнчлэн ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхааран ажиллаж байгаад дурдав.

Тиймээс хэлэлцүүлгийн үеэр  “Монголросцветмет” ТӨҮГ-ын өчигдөр, өнөөдөр маргааш гурван цагийн хэлхээсийг хэлэлцэхдээ олон чухал асуудлыг хөндөж, тус үйлдвэрийн газар нь цаашид үйл ажиллагаандаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн, компанийн засаглалыг хөгжүүлсэн, Монгол Улсын хөгжилд оруулах хувь нэмрээ бататгасан, Монгол Улсад төдийгүй Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани болох зорилт тавин ажиллаж байгааг тус үйлдвэрийн инженер төлөөлөгчид илтгэлдээ дурдаж байлаа.

Мөн хэлэлцүүлгийн үеэр хөндсөн чухал сэдэв нь тээвэрлэлтийн  зардлыг зах зээлийн байдал, үнэ ханш гээд олон хүчин зүйлийг харгалзан үзэж уян хатан тогтоох учиртай гэсэн асуудлыг хөндөж байлаа.

Уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд дахин шинэ хуудсыг нээх болно

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Алексей Николаевич Евсиков:

-“Монголросцветмет” компани байгуулагдсаны 50 жилийн ойн чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу. Байгуулагдсан цагаасаа эхлэн энэ үйлдвэрийн газар Монголын уул уурхайн салбарын хөгжил, өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх үйл хэрэг, мөн нийгэм-эдийн засгийн хөгжилд маш их хувь нэмэр оруулсан билээ.

Энэ ялдамд нэршил нь манай хоёр улс, ард түмнүүдийн найрамдалт харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн утгыг бүрэн илэрхийлсэн өнөөдрийн арга хэмжээг бүх талаар дэмжиж ажилласан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон “Эрдэнэс Монгол” төрийн өмчийн нэгдлийн удирдлагад гүн талархаж байгаагаа илэрхийлье.

Өнөөдөр энэ танхимд өөрсдийн бүтээлч хөдөлмөрөөр Монголын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын үндсийг байгуулалцаж явсан салбарын нэрт зүтгэлтнүүд, “Монголросцветмет” компаний ахмад ажилтан, ажилчид хамт байгааг цохон тэмдэглэхэд таатай байна. Мөн энд байгаа хөгжиж цэцэглэж байгаа Монголын ирээдүй болсон бүтээлч залуучуудыг харахад таатай байна.

“Монголросцветмет” үйлдэрийн газар болон зэс-молибдены уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нь манай хоер улсын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны үндэс суурь, бэлгэдэл байсан бөгөөд ерөнхийдөө найдвартай зөвлөлтийн технологи Монголын уул, уурхайн салбарын үндсийг бүрэлдүүлсэн.

Өнөөдөр бидний эрхэм зорилт бол дараагийн хагас зуунд “Монголросцветмет” компанид хуримтлуулсан тэмдэглүүштэй, ган бат харилцаа дээр түшиглэсэн манай хоер улсын уул уурхайн салбарын хамтын ажиллагааны шинэ хуудсуудыг нээхэд оршино.

Улс орныхоо хөгжлийн замыг цаашид ч бас түүчээлж ажиллаасай гэж хүсэж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга:

-Монгол Улсын уул уурхайн салбар улс эх орон нийгэм, эдийн засгийн үр нөлөөнд маш их үр нөлөөг авчирч чадсан. Үүнд ОХУ-ын уурхайчдын оруулсан хувь нэмэр маш их бий. Тиймээс энэ танхимд хуран цугларсан үе үеийн уурхайчиддаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон харьяа байгууллагуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Энэхүү байгууллагын хөдөлмөр бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж, 1981 онд төрийн дээд шагнал “Алтангадас” одон, 1995 онд МУХАҮЯ-ийн дурсгалын хүндэт тэмдэг, МҮХАҮТ-ийн үндэсний шилдэг аж ахуй нэгжээр сүүлийн 15 жил тогтмол орж байгаа амжиллтай явж буй үйлдвэр юм. “Монголросцветмет” үйлдэрийн газар нийт 1500 орчим хүнийг ажлын байраар хангаж,  өөрийн ажиллагсад болон орон нутгийн ард иргэдийн мэдлэг, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, мэргэжлийн өндөр ур чадвартай олон зуун үндэсний боловсон хүчнийг бэлтгэн гаргасаар ирсэн. Мөн нийгмийн дэд бүтцийг бий болгох, түүний дотор тохилог орон сууц, сургууль цэцэрлэг, нийгэм соёл, спорт, ахуйн үйлчилгээний зориулалттай иж бүрэн барилга байгууламжид нийт хөрөнгө оруулалтынхаа 40 орчим хувийг зориулж,  үүний үр дүнд үйлдвэрийн газрын харьяа үйлдвэрүүдийг түшиглэн байгуулагдсан хот, суурин газруудад 15 мянга гаруй хүн амьдардаг.

Цаашид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилгоор дэлхийд тэргүүлэгч орнуудын байгаль орчинд сөрөг нөлөө багатай, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, бусад орны туршлагаас хуваалцаж, компанийн засаглалыг хөгжүүлж, улс орныхоо хөгжил эдийн засагт даацтай хувь нэмэр оруулан ажиллана гэдэгт итгэж байна. Танай хамт олонд геологи уул уурхайн салбарт Монголын мянга мянган залуусын хүсэл мөрөөдлөөр дүүрэн, улсын хөгжлийн төлөө нэгдэж ажиллах нөхцлийг бүрдүүлж, үндэсний тэргүүлэгч компани болон хөгжсөнд баяр хүргээд, Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмрээ бататгасан Монголд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани болон  улс орныхоо хөгжлийн замыг цаашид ч бас түүчээлж ажиллаасай гэж хүсэж байна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close