Элэгний “Д“ вирусын халдвартай иргэдийг ОХУ-ын Буриад Улсад эмчилнэ
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михайл Мурашкотой Улаан-Үд хотноо уулзаж, хоёр орны эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг улам өргөжүүлэх асуудлаар хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрийн хүрээнд шийдэлд хүрсэн нэг асуудал нь гепатитын Д вирусийн халдвартай иргэдийг ОХУ-д тэр дундаа хил залгаа Буриад улсын эрүүл мэндийн байгууллагад эмчлэх асуудлаар тохиролцоонд хүрсэн юм.
Монгол Улс, ОХУ-ын Эрүүл мэндийн сайд нарын уулзалтаар яригдаж тохиролцоонд хүрсэн зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, ялангуяа гепатитын Д вирустэй иргэдийг ОХУ-д хийж буй эмчилгээнд хамруулах талаар манай талаас тавьсан саналыг судлах зорилгоор ОХУ-ын Буриад улсын Эрүүлийг хамгаалахын сайд Е.Ю.Лудуповагаар ахлуулсан баг Монгол Улсад энэ сарын 25-наас айлчилж байна.
Тэгвэл өнөөдөр ОХУ-аас ирсэн ажлын хэсгийнхэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Элэгний клиник, Гепатит, энтеровирусийн лаборатори, Бүрэн геномын шинжилгээ (NGS)-ний лаборатори, Дархлаажуулалтын алба зэрэг газруудын үйл ажиллагаатай танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй уулзаж, санал солилцлоо.
Тус үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал О.Батбаяр, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашдагма, Нэгдсэн лабораторын албаны дарга Б.Бумдэлгэр, ОХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны Монголыг хариуцсан зөвлөх Чирипов даба-Жалсан Шагжиевич, Эрүүлийг хамгаалахын сайдын зөвлөх Оканина Ольга Сергеевна, Эрүүлийг хамгаалах яамны харьяа улсын төсөвт “ДОХ-ын халвараас урьдчилан сэргийлэх тэмцэх төв”ийн ерөнхий эмч Баглаева Светлана Сергеевна зэрэг албаныхан оролцлоо.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцан, туршлага солилцохоор ирсэн хүндэт зочдод талархал илэрхийлж, цаашид гепатитын Д вирусийн халдвартай иргэдийг ОХУ-д тэр дундаа хил залгаа Буриад улсын эрүүл мэндийн байгууллагад эмчлэх ажлыг эхлүүлэх болсон талаар дурдсан юм.