Гадаад харилцааFocus

ЭХЭМҮТ: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллана

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Куоасси Комлан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, энэ онд хийж хэрэгжүүлэх ажил, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа “Хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж буй хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад ороход манай төв хүчилтөрөгчийн нэгдсэн системд бүрэн холбогдох боломжтой болох юм.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан өргөтгөлийн хоёр барилга ашиглалтад ороход бэлэн болоод байна. Бид цаашид эмнэлгийн үйл ажиллагааг үйлчлүүлэгч төвтэй болох зорилт тавьсан” хэмээн төвийнхөө үйл ажиллагааны талаар танилцуулсан.    

Төвийн үйл ажиллагаатай танилцсан Хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Куоасси Комлан “Олон улсын хүүхдийн хавдрын эсрэг өдөр тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн ярилцаж байгаадаа баяртай байна.

Бид энэ онд тус төвтэй хамтран нярайн эрт илрүүлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, эх, хүүхдийн эндэгдлийн бууруулах, хүүхдийн зүрхний өвчнийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа. Мөн хүчилтөрөгчийн үйлдвэр шинээр байгуулахаар ажиллаж байна.

Бид өнгөрсөн хугацаанд эмч, эмнэлгийн ажилтныг сургах, чадавхжуулах чиглэлээр хамтран ажилласан туршлагатай. Энэ ажлаа ч мөн үргэлжлүүлнэ. ЭХЭМҮТ нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах маш сайн системийг бий болгосон учраас бид хамтран ажиллахдаа баяртай байдаг” хэмээсэн юм.  

Тэрбээр мөн иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх  чиглэлд анхаарч амны хөндийн эрүүл мэнд буюу хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор цогц ажлыг хийж байгааг дуулгалаа. Үүнээс гадна өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэнд, тэдэнд бэлгийн боловсрол олгох, зам тээврийн ослын улмаас хүүхэд гэмтэж бэртэх тохиолдлыг бууруулах чиглэлд холбогдох газруудтай хамтарч ажиллана гэдгээ ч хэлсэн. Хамтын ажиллагааны үр дүнд олон нийтэд мэргэжлийн түвшинд мэдээлэл хүргэх боломжтой болно гэдгийг талууд онцолж байлаа.  
Суурин төлөөлөгч Эваристе Куоасси Комлан тус төвийн Цусны эмгэг, хавдар судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд сэтгэлийн дэм үзүүлж, хавдрыг ялан дийлсэн баатруудад баяр хүргэв.

НҮБ-ын Хүүхдийн сан нь Монгол Улсын Засгийн газрын захиалгаар ДЭМБ болон бусад олон улсын байгууллагатай хамтран хүүхдийн хавдрын эмийг худалдан авч, нийлүүлэх ажлыг зохион байгуулж, хавдартай хүүхдүүдэд зориулсан сургалтын болон хими эмчилгээний өрөөг иж бүрэн тохижуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажилд дэмжлэг үзүүлж байгаа юм.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close