Н.Эрдэнэхүү: Эрт илрүүлэгтэй холбоотойгоор хавдрын мэс заслын ачаалал нэмэгдсэн
Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-аас 2005 оноос эхлэн жил бүрийн хоёрдугаар сарын 4-нийг “Хавдрын эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэх болсон юм. Энэ өдрийг угтаж Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-ийн эмч нар /2024.01.30/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
“Тэгш боломж – Үл ялгаварлал” уриан дор зохион байгуулагдсан хэвлэлийн хурлыг ХСҮТ-тэй хамтарч Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ), Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, Хавдрын Үндэсний Зөвлөл төрийн бус байгууллага зохион байгууллаа.
Энэ үеэр хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдлын талаар ХСҮТ-ийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.Оюунчимэг “Өнгөрсөн 2023 оны байдлаар нийт хавдрын шинжилгээ өгсөн иргэдийн тоо 157,000 орчим бий. Үүнээс яаралтай тусламж үйлчилгээг 1,930 хүнд үзүүлж 16,600 орчим хүн хэвтэн эмчлүүлжээ. Эдгээрээс 6,155 хүнд мэс засал хийж эмийн эмчилгээг 5,732 хүн хийлгэсэн.
Сүүлийн гурван жилд ХСҮТ-д үзүүлэх хүний тоо эрчимтэй нэмэгдсэн. 2022 онтой харьцуулахад анхан шатны үзлэгийн тоо 25 мянгаар нэмэгдсэн бол давтан үзлэг 20 мянгаар өссөн.
Эмнэлэгт хандаж буй хүмүүсийг хүйсээр нь харьцуулахад эрчүүд хоёр дахин бага тоо байна. Үүгээр эрчүүд энэ асуудал дээр хойрго ханддагийг харж болно. ХСҮТ-ийн ачаалал эрс нэмэгддэг гол шалтгаан бол эрт илрүүлэгтэй холбоотой. Анхан шатны үзлэгийн дараа хавдрын түвшнийг тогтоолгохоор бүх бүх өвчтөнийг манайх руу явуулдаг. Тухайн хүний биед хортой, хоргүй хавдар бий эсэхийг тогтоох нэмэлт шинжилгээний ачаалал их тул эмнэлэгт хүлээлгийн болон үзлэгийн хугацаа сунжирдаг” гэв..
Иргэдэд чирэгдэл бага учруулах үүднээс эмнэлэгт үзүүлэх цагийг цахимаар олгодог. Гэтэл үйлчлүүлэгчид тухайн цагтаа ирэхгүй эсвэл нэг дор олон удаа цаг авах зэргээр хүндрэл учруулж буйг ч мэргэжилтнүүд онцлов.
Энэ үеэр сэтгүүлчид ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүгээс эрт илрүүлгийн үр дүнгийн талаар тодруулсан юм.
Тэрбээр “Өмнө нь нийт илэрч буй хавдрын 70% нь хожуу шатанд илэрдэг байсан бол 2023 онд 65% болж буурсан. Эрт илрүүлэгтэй холбоотойгоор хавдрын мэс заслын ачаалал нэмэгдсэн. Мэс заслын эмчилгээг анхан болон дунд шатны эмчилгээнд ашигладаг. Ялангуяа ходоодны хорт хавдрын мэс заслын тоо эрс нэмэгдсэн нь эрт илрүүлгийн үр дүн юм.
Өмнө нь хавдрыг эхний шатанд илрүүлсэн нь 25%-аас ахидаггүй байлаа. Тэгвэл өнгөрсөн жилийн байдлаар энэ тоо 32% болсон.
Хавдрын өвчлөлтэй цогцоор нь тэмцэх ёстой. Иргэд урьдчилсан үзлэгт сайн хамрагдвал хорт хавдраас сэргийлж чадна. Илэрлээ гэхэд анхан шатанд нь тогтоох магадлал өндөр учраас өвчнийг хүндрүүлэхгүй арга хэмжээ авах боломжтой. Хавдар бол бусад өвчинтэй ижил зүйл биш. Тийм ч учраас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас байнга анхаарал тавьдаг. Тиймээс эрт илрүүлгийн хяналтыг цаашид сайжруулж тогтолцоог нь хянаж байх ёстой.
Манайд хорт хавдрын туяа эмчилгээний хүртээмж бага. Тиймээс өнгөрсөн оноос энэ төрлийн эмчилгээний сүүлийн үеийн аппаратыг суурилуулсан. Үүний үр дүнд ирэх гуравдугаар сарын 1-нд гэхэд элэгний хожуу хавдартай үед хийдэг туяа эмчилгээний тун нэмэгдэнэ. Өмнө нь олон давтамжтай, бага тунгаар эмчилгээнд ордог байсан бол энэ аппаратын ачаар нэг удаа хийлгэх эмчилгээний үр дүн нэмэгдэнэ” гэж ярилаа