Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Боомтын сэргэлтийг тэргүүлэх чиглэлд авч үзэн, экспорт импортыг зохистойгоор нэмэгдүүлэх, хөрш орны хил залгаа боомтын Хөгжлийн ерөнхий төлөвлөлттэй уялдуулан тодотгоход анхааран ажиллаж байна.
2023 онд Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг зэрэг 6 боомтод бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж, Булган боомтын уул уурхайн болон импортын ачаа барааны шинэ гарц нээх, Увс аймгийн “Дэглий Цагаан” нисэх буудалд агаарын замын байнгын ажиллагаатай Олон Улсын боомт шинээр байгуулах, Замын-Үүд-Эрээн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох туршилтыг амжилттай зохион байгуулж, Эрээнцав-Соловьевск боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох зэрэг асуудлыг шийдвэрлүүлэн ажиллалаа.
Улмаар Монгол Улс энэ онд 70 сая тонн нүүрс экспортолсон түүхэн жилийг үдэж байна. Нүүрсний экспортын 92 хувь нь авто замын хилийн боомтоор, 8 хувь нь төмөр замын боомтоор экспортлогдсон байна. Цар тахлын өмнөх үе буюу 2019 оны мөн үетэй харьцуулахад экспорт 80 хувиар өссөн дүн үзүүллээ. Энэ нь Монгол Улсын гадаад худалдаа, экспортын хувьд түүхэн амжилт юм.
Боомтын хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж буй нийт Хамт олон болон Монгол түмэндээ шинэ оны мэндийг дэвшүүлье!
Боомтоор дамжуулан гадаад худалдаа хийж буй экспортлогч, импортлогч нар, логистикийн хүнд хэцүү ажлыг нуруундаа үүрч яваа авто болон төмөр замын ачаа тээврийн компани, жолооч нар, Үндэсний үйлдвэрлэгчид, болон экспортын дийлэнхийг бүрдүүлэн улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж буй уул уурхайн салбарынхандаа Монгол Улсын Боомтын Сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны хамт олны өмнөөс халуун талархал илэрхийлж, Та бүхний ажил үйлс өөдрөг байж, Шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
МОНГОЛ УЛСЫН САЙД, БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Б.ТУЛГА