Л.Оюун-Эрдэнэ: Монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, олон улсын хамтын ажиллагааны түншүүддээ хандаж үг хэллээ. Ерөнхий сайд,
Эрхэм монголчууд аа,
Хүндэт хөрөнгө оруулагчид аа, олон улсын хамтын ажиллагааны түншүүд ээ,
Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа зарлаж байна.
Өнгөрсөн аравдугаар сарын 23-ны өдөр Хөгжлийн банкны “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг мөн өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсныг та бүхэн санаж байгаа биз ээ.
Энэ бол Монгол Улс олон улсын өмнө, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж байгаагийн чухал нотолгоо юм.
Хөгжлийн банкны засаглал, мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэхийн тулд Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар сонгодог Эксим банк болгох эрхзүйн цогц шинэчлэлийг хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн барьж байгааг мөн онцолж байна.
Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж монголчууд бид ярьдаг билээ. Засгийн газар бүхэн өөр өөрийн цаг хугацааны онцлог, жаргал зовлонтой байдаг. Манай Засгийн газарт цар тахлыг давж, дайны үед эдийн засгийн хүндрэлийг зохицуулж, авлигатай тэмцэж, бондуудын гадаад өрийг хугацаанд нь төлж, эх орноо дампуурлаас хамгаалах нь цаг хугацааны түүхэн сорилт байлаа.
Гадаад өрийн дампуурлаа хүлээн зөвшөөрч, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох, эсвэл эрс шийдэмгий реформын шинж чанартай хатуу арга хэмжээ авч өөрсдийн эх үүсвэрээ дайчлах хоёрхон сонголт бидэнд байсан.
Хөгжлийн банк болон Эрдэнэс Тавантолгой компанид авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг багц арга хэмжээний үр дүнд монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарч чадлаа. “Бидний үр хүүхэд нэг өдөр төлчихнө” гэдэг итгэл үнэмшлээр тооцоо судалгаагүй хандаж, улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж, өршөөлийн хууль баталсан хариуцлагагүй үйлдэл Монгол Улсад дахин давтагдахгүй ээ.
Энэ өр бол улс орны хөгжлийг боомилсон, өрх бүрийн орлогыг хулгайлсан улс орноо дампуурлын ирмэгт хүргэсэн, 12 жилийн алдагдсан боломж гэдгийг хэзээ ч мартаж болохгүй гашуун сургамж юм.
Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Хурилдай” бондын 430 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөг зарцуулсан байна.
Цар тахлын оргил үед Монгол Улсын эдийн засаг -4.7 хувьтай байлаа. Харин 2023 оны урьдчилсан биелэлтээр эдийн засаг 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наяд болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5.220 ам.долларт хүрч, анх удаа улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарч байна.
Жил хагасын өмнө 2.7 тэрбум доллар байсан Гадаад валютын албан нөөц нэмэгдэж, өнөөдрийнбайдлаар 4.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Бондын энэхүү төлбөрийг хийсэн ч валютын нөөц зорилтот түвшинд хадгалагдаж байна. Цаашид эдийн засгийг нээлттэй, ил тод болгох бодлогоо тогтвортой хадгалж чадвал валютын нөөц 10 тэрбум ам.долларт хүрэх боломж байгааг дуулгахад таатай байна.
Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлтийн үр шим өр дарахад зарцуулагдаж байсан бол өнөөдрөөс эхэлж, өрх иргэн бүхэнд хүрэх суурь нөхцөл эдийн засгийн хувьд бүрдэж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа гэлээ.