ЯрилцлагаЗочны ярилцлагаОнцлох

Д.Цэрэннадмид: Зурагчин хүн хөдөлмөр зарж, тархиндаа урлаж байж зураг авах хэрэгтэй

Мишээл экспод анх удаа зохиогдсон “Ulaanbaatar-Photo Week-2023” үзэсгэлэнд Монгол улсын гэрэл зургийн салбарын томоохон төлөөлөл, уран бүтээлч, ахмад гэрэл зурагчин Дугаржавын Цэрэннадмид гуай оролцсон юм. Тэрбээр 1968 оноос Монцамэ гэрэл зургийн редакцид лаборант мэргэжлээр ажил хөдөлмөрийн гаргааг эхэлж, Монголын гэрэл зургийн хөгжлийн төлөө хөдөлмөр зүтгэл, сэтгэл санаа, оюунт хөдөлмөрөө зориулж явна. Түүний олон арван бүтээл, амжилтууд нь орчин цагийн Монгол улсын эрчимтэй хөгжлийн он жилүүдийг баримтжуулан гэрчлэн үлдээсэн нь зөвхөн монголын гэрэл зургийн төдийгүй монгол улсын түүхийн сан хөмрөгт үнэ цэнтэй өвийг үлдээж яваа түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.      

-Гэрэл зураг гэдэг хөгжил дэвшил авчирсан гайхалтай урлаг. Та гэрэл зурагтай хэзээ анх танилцсан бэ?

-Би 10 дугаар ангийн сурагч байхдаа Хэнтий аймгийнхаа “Урагшаа” сонинд хэвлэгдсэн зургуудыг маш их анхаарч сонирхон үздэг байлаа. Гэхдээ надад тэр үед зургийн аппарат  байгаагүй ч сонин дээрх сайхан зургууд хамаг анхаарлыг минь татдаг байсан. Тэгээд сургуулиа төгсчихөөд хотод ирж сургуульд орлоо.

Тэр үед Ленинград руу сургуульд явсан найз минь зуны амралтаараа ирэхдээ “Кристалл” гэдэг зургийн аппарат авчирч бэлэглээд тэрүүгээр насан туршдаа зураг авч байгаа гэж болно. Дээд сургуулиа төгсөж багш болоод сурагчдынхаа зургийг маш их авсан.

-Зураг авах хүсэл, сонирхол мэдрэмж нь хэзээ төрдөг юм бэ?

-Би чинь зураг авч эхлээд хэдийнэ 61 жил болсон ч үргэлж л зураг авах хүсэл ундарч байдаг. Хэнтий аймаг руу явах болгондоо үргэлж л мал сүрэг, гоё үүл харж явсаар цонхоо онгойлгоод зургаа авна. Цаанаасаа л сонирхол татаад байдаг юм. Одоо гэртээ ач зээ нарынхаа тоглож байгааг хараад зургийг нь авахгүй байхын аргагүй шүү дээ.

-Гэрэл зураг авах мэдрэмжээ та юу гэж тодорхойлох вэ?

-Би одоо 80 настай ч гэрэл зургаа авсаар явна. Гэрэл зураг гэдэг их чухал юм байна. Залуу байхдаа сайн ойлгож мэдэж байсангүй. Олон ч ном гаргалаа. Зураг л үлддэг юм байна. Тэгээд авсан зургаа харахдаа ганц кадр биш 20 кадр авчихгүй яав даа гэж бодно. Хүн ер нь төгс юм хийдэггүй юм байна. Зургаа ч төгс аваагүй юм гэж боддог юм.

Хөдөө гадаа олон ч жил явж. Залуу байхад минь сэтгүүлчид цөөхөн байлаа. Ганцаараа томилолтоор явна. Тэгээд л аль нэгэн аймагт 14 хоногийн томилолтоор явж, юмаа бичээд зургаа аваад хүрч ирнэ. Миний хувьд зургандаа илүү анхаарал хандуулчихдаг учраас зургаа аваад, мэдээгээ авч амждаггүй учраас заавал нэг хүнтэй цуг явдаг байлаа.

-Монголд анх удаа гэрэл зургийн нэгдсэн том үзэсгэлэн нээгдлээ. Энэ талаарх сэтгэгдэлээ хуваалцвал?

-Их сайхан санагдаж байна. Хамгийн гол нь энэ залуу үеийнхэний зургуудыг хараад үнэхээр биширч сууна. Бүх зургуудыг бүтэн тойрч үзлээ, үнэхээр гайхамшигтай. Надад холын зургийг татаад авах дуран огт байдаггүй. Дандаа л энгийн стандарт дурангаар л авч байсан. Аппаратнаасаа хэзээ ч салахгүй, энэ маань надад ямар ч одон медаль, шагналаас илүү үнэтэй эд шүү дээ. Бүх насаараа нэг л дурангаар авч байгаа надад залуусын авсан зураг үнэхээр гайхалтай харагдаж байна.

60 гаруй жил зураг авсан туршлагадаа тулгуурлаж, залуучуудад юу хэлж зөвлөмөөр байна?

-Миний бодлоор зураг авахдаа маш их хүлээцтэй байх хэрэгтэй. Миний залуу цагт ердөө 36 кадр зураг авдаг. Түүнийхээ 6-г нь улсын архивд өгнө. 30-ийг нь өөрийн сонин сэтгүүлдээ зориулна. Одоо бол хичнээн олон  кадр дарж байна. Тиймээс оновчтой, сайн зураг цөөн кадрт багтааж авахын тулд сайн хүлээх хэрэгтэй.

Олон зургаас сонголт хийж, хэт олон кадр даралгүй хөдөлмөр зарж, тархиндаа урлаж байгаад цөөн зураг авах хэрэгтэй. Миний хамгийн их хөдөлмөр зарж авсан зураг гэхэд говийн малчин айлд авсан ширээн дээр цайлж байгаа хоёр ишиг. Тэр зураг маш их цаг авсан. Томилолтоор хөдөө айлд очиж хоноод ярилцлагаа хийчхээд маргааш нь зургаа аваад буцах ёстой байлаа.

Өглөө нөгөө айлын ширээн дээр данхтай цай, аяга, цагаан идээ өрөөстэй. Тэгээд гарчихаад ороод ирсэн чинь 2 ишиг ороод ирчихсэн авдар, орон дээгүүр үсэрч, тонгочиж тоглоод л. Тэгэхэээр би хаалгаа хаачихаад гэрийн эздийг “Хүлээж байгаарай, хүлээж байгаарай” гээд л зургаа авахад бэлдэж байгаад ширээн дээр гарч цайлж эхлэхэд зургийг нь авсан. Тэр зураг маш сайн болсон гээд магтуулж, зарим хүн монтажласан уу ч гэж асуудаг. Бидний үед монтаж гэж байгаагүй. Тэр чинь 1980 оны эхээр авсан зураг шүү дээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэн үзүүлсэн араг дээр зогсоод ишгээ хөхүүлж байгаа эм ямааны зураг их сонирхолтой. Бас маш ховор тохиолдол. Яагаад гэвэл мал маш их ухаантай амьтан. Учир нь, ишиг эхийгээ хөхөх гэхээр тал талаас нь өөр ишиг, хурга дайраад байхаар араг дээр гарч зогсоод хөхүүлж байх үеийн зураг. Их ухаан байгаа биз. Амьдралын тэр л хором мөчийг мөнхөлнө гэдэг өөрөө их сайхан зүйл шүү дээ. Өөр нэг чухал зүйл нь авсан зураг бүрийнхээ он сар өдөр, хаана гэдгийг нь тодорхой бичиж байх нь их чухал санагддаг.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close