Соёлын яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний зуслангуудын холбоо, СУИС-ийн Соёлын сургууль хамтран Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”,Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Бүх нийтийн соёлын боловсрол” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд “Нүүдлийн соёлын боловсрол” олгох зусланд багшлах сургагч багш, хүүхдийн зуслангийн менежер, багш, ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг эхлүүллээ.
Сургалтыг нээж Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг үг хэлж, “Бүх нийтийн соёлын боловсрол” арга хэмжээний төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн талаар танилцуулав. Мөн Монголын үндэсний зуслангуудын холбооны тэргүүн Т.Түвшин, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, Монгол Улсын гавьяат багш, дэд профессор Х.Баавгай, Монгол Улсын гавьяат багш, дэд профессор Б.Жавзанхүү, ISO cтандартын тэргүүлэх аудитор, зөвлөх Ж.Чанцалням нарын танилцуулга, илтгэлүүд явагдлаа.
Тус сургалтаар нүүдлийн соёл, өв уламжлал, зан заншил, нүүдэлчин ахуйн талаарх ойлголтыг хүүхэд багачуудад олгох онол, арга зүйн мэдлэг эзэмшүүлэхэд чиглэгдэх бөгөөд Монгол хэл соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, Монгол судлалыг хилийн чанадад хөгжүүлж буй байгууллага, иргэдэд Монгол хэл, бичгээ сурталчлан таниулж, заан сургах гарын авлага, эх хэрэглэгдэхүүнээр хангахад дэмжлэг үзүүлэх юм.
Сургалтад Нүүдлийн соёлын зуслангийн сургалтын менежер, арга зүйч болон Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн Боловсролын хорооны багш нийт 60 хүн хамрагдаж байна. Хилийн чанад дах Монголчуудын зөвлөл нь дэлхийн 47 оронд 170 гаруй Монгол хэл, соёлын сургалтын байгууллагыг нэгтгэн үйл ажиллагаагаа явуулдаг.
Сургалт 2023 оны 09 дугаар сарын 25, 10 дугаар сарын 05, 10 дугаар сарын 13-ны өдрүүдэд (танхимаар болон цахимаар) зохион байгуулагдах юм.