“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулганд оролцож, үг хэллээ. Тэрбээр Засгийн газрын бодлого хөтөлбөртэй уялдуулан, бүс нутгийн хөгжлөө хэлэлцэж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр чуулган зохион байгуулж буй Дорнод болон зүүн аймгуудын удирдлагуудад талархал илэрхийлээд Шинэ сэргэлтийн бодлогын зарим үр дүнгээс дурдлаа.
Цар тахлын үед -4.7 хувийн уналттай байсан манай улсын эдийн засаг 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны хоёрдугаар улиралд 6.4 хувь болж нэмэгдсэн. Одоогийн байдлаар нэг хүнд ногдох ДНБ 5033 ам.доллар хүрсэн.
Шинэ сэргэлтийн бодлого цаашид тогтвортой хэрэгжвэл нэг хүнд ногдох ДНБ 2027, 2028 онд 10 мянган ам.долларт хүрэх төлөвтэй байна гэв. Мөн улсын хэмжээнд бие дааж төсвөө бүрдүүлдэг зургаан аймгийн нэг нь Дорнод. Тус аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.2 их наяд, эдийн засгийн өсөлт 14 хувь буюу давхар өсөлттэй явж байгааг онцлов.
“Засгийн газраас “Шинэ сэргэлтийн таван цагариг” төслийг эхлүүлсэн. Цаашид аймгууд тус бүрдээ хөгжил ярихаас илүү бүс нутгаараа хөгжлөө тодорхойлох нь чухал. Зүүн бүсэд боомтын хоёр том төсөл хэрэгжиж байна. Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалын замууд, Сүхбаатар аймагт Бичигтийн боомт эхэлж байгаа.
Бичигт-Эрээнцав, Чойбалсан-Хөөт гэхчлэн төмөр замын төсөл хэрэгжинэ. Энэ тохиолдолд Дорнод, Сүхбаатар аймагт эдийн засгийн интеграц үүснэ. Мөн Ульхан, Хавиргын боомтын бүтээн байгуулалт үргэлжилж байна. Зүүн бүс нутаг мах экпортлох, ашигт малтмалын орд газруудаа эргэлтэд оруулах зэрэг боломж бүрдэнэ” гэв.
Чуулганаас гарсан санал дүгнэлтийг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Ерөнхий сайдад гардуулан өглөө. “Шинэ сэргэлтийн бодлого”, “Дорнод аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, Зүүн бүсийн аймгуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, дотоод болон гадаадын хөрөнгө оруулалтыг орон нутагт нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой “Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган есдүгээр сарын 23-25-нд болж байна. Чуулганд Канад, ОХУ, БНХАУ -ын болон дотоодын нийт 200 гаруй оролцогч, зочид төлөөлөгч хүрэлцэн иржээ.