“Итгэлцлийн үйлчилгээний журам”-ыг шинэчлэн баталлаа
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар /2023.09.01/ Банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн эрхлэх итгэлцлийн үйлчилгээний нөхцөл, шаардлагыг тодорхойлж, оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулах зорилгоор хуралдаанаар “Итгэлцлийн үйлчилгээний журам”-ыг шинэчлэн баталлаа.
Итгэлцлийн үйлчилгээ нь бусдын хөрөнгийг тодорхой хугацаанд удирдах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагаа байдгаараа онцлогтой. Иймд эрсдэл даах болон санхүү, төлбөрийн чадвар бүхий банк бус санхүүгийн байгууллагууд энэ үйлчилгээг олон нийтэд хүргэх тул эдгээр байгууллагын тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг нэмэгдүүлж баталлаа.
Мөн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн бол нэг компанийн нэмж гаргаж буй үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрч бүртгэлээ.
Түүнчлэн нэг компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхийн зэрэгцээ гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нэг компанид, мөн нэг компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн юм.
Банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээ эрхлэх болон банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид нэмж олгохоор, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр нэг компанийг бүртгэхээр, мөн нэг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд орох өөрчлөлтийг бүртгэхээр тус тус шийдвэрлэв.
Харин үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дөрвөн компанид, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг иргэнд олгохоор тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.