НийтлэлБайгаль орчинМБАНХОнцлохШинэ мэдээ

Бэлчээр нутаг – Монголын ногоон хөрөнгө

Бэлчээр нутгийг зөв эдлэх “АЛТАН ДҮРЭМ”

2000 оны эхээр Доктор С. Жигжидсүрэн гуайтай анх танилцаж, бэлчээр ашиглалтыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх төслийн баримт бичгийн концепц боловсруулахад хамтран ажиллах завшаан тохиож билээ. Нэг удаа ажлаа ярьж суутал гэнэт хэнгэнэтэл санаа алдаад “Ахынх нь хамаг амьдралаа зориулсан бүх зүйл маань нүдэн дээр минь нуран унаж байгааг хараад сэтгэл их өвдөх юм” хэмээн нүдэндээ нулимс цийлэгнүүлэн хэлэхэд сэтгэл ихэд хөндүүрлэснээ одоо хүртэл санадаг. Монголын бэлчээр, нүүдлийн мал аж ахуй судлалд амьдралаа зориулсан, гайхалтай хөдөлмөрч, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг бидний хүндлэн дууддаг Жийгээ доктортой тэрнээс хойш олон жил хамтран ажиллаж нэг томоохон төслийн суурийг тавьж, хэрэгжүүлсэн нь өнөө хүртэл төр, хувийн хэвшлийн салбарт олон санаачилгыг түүчээлсээр явна.

Нэг удаа уулзтал бэлчээр нутгаа зүй зохистой ашиглах уламжлалт технологийг ийнхүү тоймлон бичлээ гээд ихэд баярлан орж ирэхэд нь дэмжиж хэвлүүлсэн нь ийнхүү Бэлчээр нутгийг зөв элдэх “АЛТАН ДҮРЭМ” болж үлдсэн юм.

Монголчууд эртнээс янагш нутаг бэлчээрээ үндэстний хэмжээний их баялгийнх нь хувьд нандигнан хайрлаж, хамгаалж ирсэн баялаг түүхтэй. Энэхүү түүхэн уламжлалыг бэлчээр ашиглалтын онолын үндэслэл дээр тулгуурлан авч үзвэл Бэлчээрийн зөв ашиглалтыг зохицуулахад зайлшгүй мөрдвөл зохих 4 үндсэн “Алтан дүрэм” байна. Үүнийг бэлчээр ашиглах “Алтан хууль” гэж нэрлэж болох юм.

Энэ нь:

НЭГ.   БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ҮЛ ХЭТРҮҮЛЭХ

ХОЁР.  БЭЛЧЭЭРИЙН ТЭЖЭЭЛИЙН НӨӨЦИЙГ ҮЛ ШАВХАХ

ГУРАВ.  БЭЛЧЭЭРИЙН УРГАМАЛД НӨХӨН ТӨЛЖИХ ХУГАЦАА ТАВЬЖ ӨГӨХ

ДӨРӨВ.  БЭЛЧЭЭРИЙГ СЭЛГЭЖ БАЙХ.

Бэлчээр бол мал, амьтны тэжээлийн эх үүсвэр төдийгүй хөдөөгийн иргэдийн оршин амьдрах, наргиж наадах, жаргаж цэнгэх орон зай юм. Иймээс “Бэлчээр” гэж хөдөөгийн иргэдийн аж төрж, амьдран суух орон зай, мал, амьтны тэжээлээ олж идээшлэх өвслөг болон сөөг, сөөгөнцөр ургамалтай хөдөө аж ахуйн газрыг хэлнэ” гэж өргөн утгаараа тодорхойлогддог. Энэ тодорхойлолт нь нутаг бэлчээр гэдэг утгыг илэрхийлнэ.

БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ҮЛ ХЭТРҮҮЛЭХ АЛТАН ДҮРЭМ

Бэлчээрийн даац гэдэг нь тодорхой хугацаанд нэгж га бэлчээрт хичнээн тооны малыг хэдий хугацаанд идээшлүүлж болохыг заасан үзүүлэлт юм. Үүнийг хэтрүүлэн ашиглаж болохгүй.  

Бэлчээрийн даац (багтаамж)-ыг хэтрүүлбэл бэлчээрийн сэлгэж ашиглахаас төдийлэн хамаарахгүй бэлчээр доройтоход хүрнэ.  Жишээ болгож уулын хээрийн үет ургамал бүхий нэг га-гаас 540 кг мал идэх ургацтай бэлчээрийг 12 дугаар сарын 1-нээс дараа оны 3 дугаар сарын 1 хүртэл 90 хоног ашиглахад бэлчээрийн даац ямар байхыг авч үзье. Үүнд нэг хонь өвлийн улиралд бэлчээрээс 1.5 кг хагд өвс иднэ гэвэл: Өөрөөр хэлбэл 90 хоногт нэг хонинд 4 га талбай буюу 600 хоньтой нэг хотонд 2400 га бэлчээр байхад хэвийн ачаалалтай гэж үзнэ. Энэ нь хотноос хааш хаашаагаа 2.0-3.0 км-ийн зайд байх бэлчээр юм. Бэлчээрийг энэ томъёогоор тооцож суурьт эзэмшүүлэхдээ цаг уурын янз бүрийн нөхцөлийг бодолцон ойт хээрт 30 хувь, хээр, говьд 50 хувь аюулгүйн нөөц нутаг нэмэж тооцох нь зүйтэй.

Бэлчээрийн даацыг зохицуулахын тулд юуны түрүүнд ашиглалтыг зөв зохион байгуулах шаардлагатай. Зах зээлийн харилцаанд шилжихийн өмнөх үед орон нутагт бэлчээрийн газрын ашиглалтыг зохион байгуулах үүргийг “Газар эдэлбэрийн тухай хууль (1971)” -ийн дагуу сум-нэгдлийн дарга нар хариуцаж, тухайн аж ахуйн дотоод газар зохион байгуулалтын төлөвлөгөө, жил жилийн үйлдвэр, санхүүгийн төлөвлөгөөгөөр зохицуулдаг байлаа. Энэ үед бүтээлч үйл ажиллагаа нь үр дүнтэй болсон аймаг, сум болон хувь хүмүүсийн туршлагыг нийтийн хүртээл болгодог байв.

Архангай аймгийн Жаргалант сумын туршлага

Тус сумын Хоолтын бригадын нэг хонин толгойд жилд дунджаар 0.9 га бэлчээр ноогдоно. Бригадын нутаг өндөр уул, ой мод, асга хад ихтэй. Иймээс бэлчээрийг хайрлан хамгаалах, зохистой ашиглах арга ухаан бүх малчдын анхаарлын төвд байна. Бригадын зөвлөл хашир сайн малчдыг оролцуулан суурь бүрд бэлчээр хуваарилж өгдөг. Суурь нэг бүр хаана ямар нэртэй нутагт өвөлжих, хаваржих, зусах, намаржих, хэдэн га талбайтай, эзэмшлийн хил хаагуур байгаа зэргийг тодорхой болгож, мал маллагааны ажилд мөрдөнө.

Бригадын зөвлөл нь нутгийн газар зүйн байрлал, хотгор, гүдгэр, ургамлын бүрэлдэхүүн, ургац, шимт чанар, бэлчээрийн бичил уур амьсгалын онцлог, усан хангамж, малын тоо, төрөл, нас хүйсийг харгалзан бэлчээрийг улирлаар хувааж өгдөг. Түүнчлэн жил бүрийн зуншлагын байдлыг харгалзан бүх суурьт отор хийх нутгийг зааглан өгч, өндөр уул, ойн цоорхойн бэлчээрийг зун- намрын оторт ашиглана.

Ингэж ашиглахад өвөлжөө, хаваржааны нутаг  үргэлж соргог, сэрмүүн ургамалтай, ургац сайтай байна. Суурь бүр өвөл, хаврын бэлчээрийг алсын, ойрын, нөмөр, нөөц гэж нарийвчлан хуваарилж цаг агаар, малын байдалд тохируулан өдөр, сараар эрэмбэ дараатай ашиглах графикийн дагуу малаа бэлчээрлүүлнэ.

Суурийн алсын бэлчээр нь өвөлжөө, хаваржаанаас 5-7 км, ойрынх 2-3 км, нөөц нь 3-5 км-ийн зайтай байна. Өвлийн эхэнд цасанд дарагдаж мал хүрч чадахааргүй уулын хяр, ойн цоорхойн бэлчээрийг алсаас дотогш хумисаар 12 дугаар сард өвөлжөөнийхөө бэлчээрт бууна.

Ойн бэлчээрийг модны ёроолоос эхлэн зөөлөн сэвсгэр цасанд дарагдсан ногоон сөлтэй өвс дагуулан өдөр өдрөөр ахиулан ашиглана. Малчид ихэвчлэн малынхаа түрүүнд гарч, явган явж малаа тогтоож хариулна. Мал ид төллөх үед морьтой хариулна. Энэ нь уул, даваа ихтэй нутагт мал өвс ургамал сорчлон гүйж ядрах, шинэ соргог бэлчээрийн ургамлыг дэмий талхлуулахаас болгоомжилсон арга юм.

Мал сүргийг бэлчээрт цадтал идээшлүүлэхэд бэлчээрт хариулах цагийн хуваарийг бригадын зөвлөл баталж хяналт тавьдаг. Хоолтынхон хонио өвөл 9-17 цаг, хавар 9-19 цаг, зун 5-21 цаг, намар 7-19 цаг бэлчээрт хариулна.

Хоолтын бригадын нэг суурийн нийт бэлчээрийн дотор өвлийн бэлчээр 516 га, хаврынх 441 га, зуслангийнх 287 га, намаржааных 240 га, нийтдээ 1500 орчим га байна. Энэ бригадын нутгийн нэг онцлог нь гол, горхи, ус элбэгтэйд байдаг. Өвөл хаврын улиралд харз ашиглахаас гадна булаг задгайлах, мөс цоолж ус гаргах, цас хайлах зэргээр малыг усаар тасалдаггүй.

БЭЛЧЭЭРИЙН ТЭЖЭЭЛИЙН НӨӨЦИЙГ ҮЛ ШАВХАХ АЛТАН ДҮРЭМ

Бэлчээрийн ургацыг 50 хувиас хэтрүүлэн ашиглаад байвал уг бэлчээр амархан доройтно. Бэлчээрийн тэжээлийн нөөцийг барагдуулахгүйн тулд улирал бүрийн нүүдэл суудлыг бүс нутгийн экологийн нөхцөлд тохируулж, малын хариулга, маллагааг сайн зохион байгуулж чадвал бэлчээр сэргэж ирдэг.

Бэлчээрийн ургацыг 50 хувиас хэтрүүлэн ашиглаад байвал уг бэлчээр амархан доройтно. Бэлчээрийн тэжээлийн нөөцийг барагдуулахгүйн тулд улирал бүрийн нүүдэл суудлыг бүс нутгийн экологийн нөхцөлд тохируулж, малын хариулга, маллагааг сайн зохион байгуулж чадвал бэлчээр сэргэж ирдэг.

Монгол малчид “малын гэдэс татарлаа”, “тогтворгүй боллоо”, “хоргол нь жижгэрч хонхойлоо” гээд нутаг сэлгээд нүүдэг. Энэ уламжлалт арга ухааны хүчээр манай малчид бэлчээрийн нөөцийг шавхаж  байгаагүй учраас саяхан болтол бэлчээр маань унаган төрхөөрөө хадгалагдаж үлдсэн юм.

Доктор Ч.Оюунцэцэгийн Өвөрхангай аймгийн Уянга сумын 2 хот айлын бэлчээрт харьцуулалт хийсэн судалгаа бэлчээрийн тэжээлийн нөөцийг шавхаж ашигласнаас учрах сөрөг үр дагаврыг шинжлэх  ухааны үндэслэлтэй тогтоож өгсөн юм. Нэг дэх хот айл өвөлжөө-  хаваржааныхаа нутагт 4 жилийн хугацаанд 780 хоног сууж, бэлчээр ашиглахад бэлчээрийн дундаж ургац 200 кг/га, үүний 85-95  хувийг үет, буурцагт ургамал эзлэж байсан бол өвөлжөө-хаваржаандаа 1259 хоног суусан хоёрдахь хот айлын бэлчээрийн дундаж ургац 75 кг/га буюу нэг дэх хот айлынхаас ургац 2.6 дахин, үетэн, буурцагтны хэмжээ 34-41 хувь доогуур болсон байна.

Манай малчдын мал маллагааны нэг сонирхууштай онцлог нь өвс, ногоо эрчимтэй ургадаг зуны улиралд олон нүүж, богино хугацаанд малдаа дээд зэргийн тарга хүч авахуулаад, хүйтний улиралд цөөн нүүдэгт оршино. Монголчуудын “зунд бүү суу, өвөлд бүү нүү” гэдэг философи сэтгэлгээ бас гүнзгий учиртай ажгуу. Манай орны байгалийн бэлчээрийн ургац 8 дугаар сарын эхний арав хоногт дээд цэгтээ хүрч, цаашид хагдрах шинж орж, ургамлын үр навч гээгдэх, иш нь хугарч унах зэргээр ургац нь аажмаар буурч, хаврын улиралд зуны дээд ургацын дөнгөж 30-40 хувь үндсэндээ хадгалагдаж үлдэнэ.

Өвөл, хаврын хахир хатууд олон удаа нүүж нутаг сэлгэх боломж хумигдаж, нэг газраа олон хоног суух болдог. Бэлчээрийн тэжээлийн нөөц хомсдож, шимт бодис эрс багасах тул нутаг, бэлчээрийг дээд зэргээр ариг гамтай, хуваарилан ашиглах шаардлагатай болно. Өвөл хаврын бэлчээрийг дотор нь ойрын, алсын гэж хоёр хуваана.

Ойрын бэлчээрийг унааны морь, ядарч доройтсон мал, нялх төл, цаг агаар муудсан үед бэлчээх зэрэгт зориулж дотор нь тусгай зориулалтын, нөөц, төл, нялх малын бэлчээр гэж гурав ангилж ашиглана. Ойрын бэлчээрээ давтахгүйн тулд хотноос малаа 2-3 чиглэлээр нэг замаар гаргаж, мөн замаараа буцааж хотлуулна. Өвөлжөө хаваржаанд буумагц мал идээшилж хүрэх алсаас нь дотогшлуулж хумих маягаар бэлчээрээ ашиглана.

Бэлчээрийг жинхэнэ нарийн хуваарьтай ашиглахын тулд байнгын хариулгатай байлгана. Зун, намрын улиралд өгөөж сайтай соргог бэлчээрт мал сүргээ цадтал идээшлүүлж, аль болох богино хугацаанд таргалуулж, өвөл, хаврыг өнөтэй давах өөхөн хуяг суулган чамбайруулахад бэлчээр ашиглах арга чиглэгдэнэ. Туршлагатай малчид зунтай уралдаж нутаг бэлчээрээ ойр ойрхон сольж, шөнөөр хүртэл малаа бэлчээрт идээшлүүлдэг нь учиртай.

Зун цагт хангай нутагт ногооны ургах эрчим ид сайн байх үед нэг бэлчээрийг 2-3 удаа эргэн ашиглах боломжтой байдаг. Бэлчээрийн ургамлын биологийн энэ онцлогийг ашиглан алс хол нүүлгүй нэг сууринаас бэлчээрээ товшин ашиглаж болно. Хэнз ногоог ойт хээрийн бүсэд 2 удаа, хээрийн бүсэд нэг удаа ашигладаг. Харин говь нутагт хэнз ногоог ашиглах боломж тааруу.

Мөнх цаст өндөр уул, хээр, говь хосолсон баруун аймгийн малчид зун, намрын бэлчээр ашигладаг өвөрмөц арга барилтай. Манай улсын төвийн бүсийн Төв, Сэлэнгэ, Булган аймгийн малчид зуны улиралд ил задгай устай том, жижиг голын нуга газарт төдийлэн олон нүүхгүй зусдаг бол, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн малчид алсын оторт сум, бригадаараа өндөр уулын Мөнх цасны хормой хүрч зусаад, 8 дугаар сард доошлон тал, нам газрын бэлчээрт ирж намарждаг.

Хөдөлмөрийн баатар, улс, аймгийн аварга малчдын туршлагаас үзэхэд зун, намрын улиралд нэг нутагт аль болохоор цөөхөн хонож, олон төрлийн бэлчээр дамжин нүүж мал сүрэгтээ шинэ соргог ногоо идүүлэхэд онцгой анхаардаг байна. Энэ бол зуны бэлчээрийг хуваарьгүй ашигладаг гэсэн үг бишээ. Буусан газрынхаа эргэн тойрны бэлчээрийг нарийн хуваарьтай ашиглахын зэрэгцээ нэг нутгаасаа хотгүй отроор хэд хэдэн хоногоор гарч товшин нүүх нь олонтой.

Увс аймгийн Зүүнговь сумын туршлага

Зүүнговь сум 397.9 мянган га бэлчээртэй. Бэлчээрийн ерөнхий шинж нь цөлийн хээр бөгөөд түүнд хазаар-хялганат, навтуул-хялганат хээр, таар, ортууз бүхий цөлийн хээр зонхилно. Ихэнх бэлчээрт бор харгана ургадаг. Элсэн толгод нутгийн бараг тэн хагасыг эзэлнэ.

Бэлчээрийн дундаж ургац нэг га-д 3.2-4.1 центнер байна. Зүүнговь сумын малчид 11 дүгээр сарын сүүлийн хагасаас 4 дүгээр сарын дунд хүртэл 140-150 хоног өвөлжөөндөө суурин байна. Харин дулааны улиралд 8-12 удаа нутаг сэлгэж нүүнэ.

Дулааны улирлын бэлчээр ашиглалтаар энэ сум бусад сумдаас онцгой ялгарах зүйлгүй, харин өвөл, хаврын улиралд бэлчээр ашигладаг нэлээд өвөрмөц аргатай юм. Өвөл хаврын бэлчээрийг бог малынх, бодынх буюу отрын гэж хоёр хуваадаг. Бог малын өвөлжөө Баян нуурын урьд хойд бөөрөг гэдэг манхан элс бүхий нутагт байрлана.

Нутгийн зах алс зайдуу отрын бэлчээрт адуу гарна. Мөн харзалдаг гол горхитой нутагт үхрээ өвөлжүүлнэ. Ийнхүү газар нутгийн аяс, нутаг орчны нөхцөлтэй уялдуулан малыг төрөлжүүлэн хуваарилж өвөлжүүлдэг.

Өвөлжөөний нутаг бэлчээрийг хот айл бүрээр хуваарилан шав (нутгийн хэлээр “айвал” гэнэ) тавьж, хил хязгаарыг нарийн заагладаг заншил бүр эртнээс тогтсон түүхтэй.

Нутаг бэлчээрийг хуваах ажлыг бригадын зөвлөлөөс томилсон бригадын дарга, нэгдлийн зөвлөлийн хариуцлагатан, намын хэсгийн дарга, малын эмч, 2-3 хашир малчин оролцсон комисс гүйцэтгэдэг байжээ.

Нэг суурьт 500-1000 хүртэл мал байх бөгөөд суурийн өвлийн бэлчээр янз бүр 1500-4600 га, дунджаар 1600 га байна. Хэлбэрийн хувьд ч орон нутгийн газрын байдлаас хамаарч зууван, дугуй янз бүр байна. Гэхдээ нэг өвөлжөөтэй газар дугуйдуу, 2-3 өвөлжөөтэй (1-2 дамжлага өвөлжөөтэй) бол зууван хэлбэртэй байна.

Улирлын бэлчээрийг ашигладаг арга маш нарийн хатуу хуваарьтай. Өвлийн бэлчээрийг алсын, ойрын бэлчээр, уналгын морь, саалийн үнээ тогтоох бэлчээр (тусгай зориулалтын) мал төллөх, цагийн бэрхэд ашиглах нөөц бэлчээр гэж зааглана.

Алсын бэлчээрийг намрын эцэс, өвлийн эхнээс тэнхлүүн малбэлчээхэд зориулна. Ойрын хэсэг бэлчээрт эцэж доройтсон, төллөсөн мал бэлчээнэ. Эдгээр хуваарьт бэлчээрийг дотор нь мөн тодорхой эрэмбэтэй ашигладаг.

Өвөлжөөнд буумагц хашаанаас 2-3 чиглэлд мал бэлчээх зам гаргаж авна. Цаашид хамгийн холын бэлчээр юмуу, эсвэл замын мал дайрч идэх бэлчээрийг ашиглана. Хонь дураараа бэлчихгүй, 500 хонинд өдөрт хааш хаашаа 300 алхмаас хэтрэхгүй хэсгийг сонгон тогтоож хариулдаг.

Хэрэв ургац тачир, хонь цадсан шинжгүй бол талбайг бага зэрэг тэлнэ. Туршлага багатай залуу малчин, хүүхэд хонь хариулах болбол суурийн ахлах малчин өглөө эрт гарч цасан дээр тэмдэг тавьж өгнө.

Энэ журмаар хотноос гарсан замын дагуу 3 чиглэлд өдөр өдрөөр сэлгэн хариулсаар мал төллөх үе хүртэл алсын бэлчээрийг мөн дээрхийн нэг адил ашиглана. Бэлчээр ашигладаг энэ арга гадаад оронд зуны таримал бэлчээрийг хэсэглэн хувааж, хэсэг бүрийг дотор нь цахилгаан хашаа ашиглан өдөр, цагаар тохируулан тусгаарлаж ашигладагаргатай тун төсөөтэй.

Энэ нутагт цас их унадаг онцлогтой. Хамгийн бага нь 20 см, зарим жилд 50-60 см ордог. Харин шуурч хатуурдаггүй. Цагаан сараас хойш цасны өнгө хайлмагтан царцаж хатуурдаг. Энэ үед хонь цас цавчиж чадахгүйд хүрэх учир цас хайлуулах янз бүрийн арга хэрэглэнэ.

Хамгийн их дэлгэрсэн арга нь элс цацах юм. Үүний тулд цасны доорх элсийг малтаж гаргаад түүнийгээ эргэн тойрон цасан дээр хүрзээр цацна. Сайн цацдаг хүн 4 метрийн хүрээнд цацна. Өдөрт 30-40 цэгт элс тараана. Мөн элсний оронд бууц, үнс хэрэглэж болдог.

Элс, бууц, үнс цацсан газрын цас хурдан хайлж, цоохортон мал идэшлэх боломжтой болно. Заримдаа модон бул чирч өнгөн хэсгийг хэмхэлж буталдаг. Цас их орсон жил модон хүрзээр мал бэлчих бэлчээр гаргана.

Харгана, бут, сөөг багатай цагаан газар 5 см зузаан, 15-20 см-ийн өргөн банзаар дальïуу чирж зам гарган малаа бэлчээнэ. Зүүнговьчуудын бэлчээр ашигладаг энэ аргыг улирлын бэлчээрийг энгийн хуваарьтай ашиглах сонгомол хэлбэр гэж болно. Манай орны аль ч бүсэд хэрэглэх боломжтой.

БЭЛЧЭЭРИЙН УРГАМАЛД НӨХӨН ТӨЛЖИХ ХУГАЦАА ТАВЬЖ ӨГӨХ АЛТАН ДҮРЭМ

Ургамлыг тасалж идүүлсний дараа уг ургамалд төлжиж ургахад тодорхой хугацаа шаардлагатай болно. Ургамлыг дөнгөж ургаж эхэлмэгц дахин дахин малд идүүлээд байвал уг ургамлын үндэс суларч, нөөцөө шавхсаар эцэстээ өвлийн хүйтэн, гандалтыг даахгүй үхээд өгнө. Нэг үгээр хэлбэл мал тураалаар үхдэгтэй утга нэг. Энэ нь бэлчээрийн хэнзлэх чадавхитай холбоотой. Талхлагдсан бэлчээрт мал дуртай иддэг “Эр өвс“ буюу үндсэн үет ургамал үгүй болдог нь ийм учиртай. Иймээс малчид нэг нутагт удаан сууж, бэлчээрийг хуваарьгүй ашигладаг муу зуршлаас салах шаардлагатай.

Бэлчээрийг зохион байгуулалтгүй, чөлөөтэй ашиглаж байгаа нөхцөлд ургамалд нөхөн төлжих  хугацаа тавьж өгөх боломжгүй. Үүнийг зохицуулах арга нь бэлчээрийг хэд хэдэн зурваст хувааж, хуваарьтай ашигладаг болсон цагт хэрэгжих боломжтой болно. Бэлчээрийн ургамлыг хавар эрт ургаж эхлэх үеэс ойр ойрхон давтаж ашиглахад ургац амархан буурч доройтно. Учир нь ургамлыг мал  тасалж идэхэд навч үгүй болж, нарны гэрлийн нөлөөн дор шим тэжээлийн бодис хуримтлагдах ïроцесс саатах тул ургамлын үндэсний нөөц шим тэжээлийн бодисыг дахин зарцуулахад хүрнэ.  

Ургамал сэргэн ургахдаа 12-15 хоногийн турш үндсэндээ хуримтлуулж хадгалсан нөөц шим тэжээлийн бодисыг зарцуулж, цаашдаа хөрснөөс шим тэжээлийн бодис авч дахин нөөцөө хуримтлуулна. Бэлчээрийн ургацыг бууруулахгүй байх үүднээс ургамалд нөхөн ургахад хүрэлцэх хэмжээний нөөц шим тэжээлийн бодис хуримтлуулах боломж олгох шаардлагатай.

Бэлчээрийн ургацыг бууруулахгүй байх зорилгоор нийт ургацын 50- 60 хувиас хэтрүүлэхгүй ашиглана. Манай оронд хийсэн судалгаанаас үзэхэд ойт хээрийн бэлчээрийг анхны ашиглалтаас хойш 24-32, хээр, өндөр уулын бүсэд 36-40 хоногийн дараа дахин ашиглах нь тохиромжтой байна. Ийм маягаар ойт хээрийн бүсэд нэг нутгийн бэлчээрийг 2-3 удаа хээрийн бүсэд 1-2 удаа, говьд нэг удаа ашиглах боломжтой.

Бэлчээр дэх ургамлыг тасалж идэх өндрийг зөв тохируулахад бас анхаарна. Бэлчээр солихгүй нэг газар олон хоног мал хариулахад ургамлыг бараг үндсэнд нь хүртэл хяргасан байдаг. Дахин давтан хэтэрхий идүүлснээс ургац буурна.

БЭЛЧЭЭРИЙГ СЭЛГЭЖ БАЙХ АЛТАН ДҮРЭМ

Бэлчээрээ доройтуулахгүйн тулд ашиглалтын хугацаа болон ашиглах эрчмийг харгалзан жил жилээр сэлгэж ашиглана. Бэлчээрээ ашиглалтын эрчим болон ашиглах хугацаагаар 2-3 юмуу түүнээс ч олон хэсэг, зурваст хувааж, жил жилээр сэлгэж ашиглана.

Бэлчээр сэлгэж ашиглах нь малчин нэг бүрийн ашиг сонирхлыг хөнддөг учир оны эхэнд Багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэн улирал бүрийн нүүдэллэх хугацаа, малын хөлөөс чөлөөлж өнжөөх, сайжруулах гэх мэт арга хэмжээ нэг бүрийг ярилцан тохирч, хурлын шийдвэрийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж, шийдвэр гаргуулан сумын Засаг даргын захирамж гаргуулснаар сая эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болно. Бэлчээрийг доройтохоос урьдчилан хамгаалж, түүнийг сэлгэж амраах бүх талын арга хэмжээг бэлчээр ашиглагч, эзэмшигч бүхэн бодож боловсруулсан байх шаардлагатай.

Иймээс малчин хүн бэлчээрээ тогтмол сэлгэж ашиглах сэтгэлгээнд сурсан байх ёстой. Бэлчээрийг хэдий чинээ ойр ойрхон сэлгэж чадна тэр хэмжээгээр бэлчээрийг доройтлоос хамгаалж чадна. Бэлчээрийн сэлгээ байгалийн бүс, бүслүүрээр өвөрмөц ялгаатай байна. Эрдэмтдийн судалгаа, бидний өөрсдийн хийсэн олон жилийн ажиглалт, тандалтаас үзвэл зун-намрын бэлчээрийг 2-3 талбайд хуваарилан нүүдэл, суудлаар сэлгэн ашиглаж болох юм.

Бэлчээр нутгийг улирлаар зөв хуваарилж, ачааллыг тохируулж чадлаа ч гэсэн олон жил дараалан нэг улиралд давтан ашиглахад ургамлын зүйлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж доройтох шинж илэрнэ. Бэлчээрийг сэлгэж ашигласнаар тэжээлийн чухал ач холбогдолтой ургамлыг байгалийнх нь аясаар үржин, төлжих нөхцөлөөр хангаж, ургац, шимт чанарыг он удаан жил хадгалах боломжийг  бүрдүүлнэ.

Бэлчээрийг жилд нь багтааж улирлаар ээлжлэн ашиглах аргыг сэлгээний бага эргэлт, улирлын бэлчээрийг жил юмуу хэд хэдэн жилээр хооронд нь сольж ашиглахыг сэлгээний их эргэлт гэнэ. Сэлгээг зөв хэрэглэж чадвал доройтолд орсон бэлчээрийг ч сэргээж ургацыг сайжруулж чадна. Манай орны мал аж ахуйд бэлчээрийг улирлаар сэлгэхээс бус, нэг улирлын бэлчээрийг дотор нь сэлгэх тодорхой сэлгээ байсангүй, харин улирлын бэлчээрийг цаг уурын онцгой нөхцөл (цас их унах, усгүйдэх, ган гачгаас болж өвс ургамал гараагүй) байдлаас шалтгаалан байгалийн аясаар өнжөөх явдал гардаг. Суурин мал аж ахуй эрхэлдэг улс оронд бэлчээрийн хэсэг, зурвасуудыг ашиглалтын хэмээр ээлжлэн сэлгэхээс гадна, дундад азийн орнуудад улирлын бэлчээрийг 2-3 жилийн зайтай хооронд нь ээлжлэн сэлгэдэг. Манай оронд улирлын бэлчээрийн экологийн нөхцөл нь эрс ялгаатай байдаг учир ийм хэлбэрийн сэлгээ хэрэглэх боломжгүй юм.

Доройтсон бэлчээрийг сэлгэж ашигласнаар үр дүнд хүрч байгаа туршлага

Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Т.Бямбасүрэн ахлагчтай Бугат хэсгийн ихэнх малчид багийн төвийнхөө орчимд байнга зусаж, намарждаг байсан хэвшмэл аргаа өөрчилж, тэр хавийнхаа нутгийг 2011 оны 6-р сарын 15-наас 8-р сарын 15-н хүртэл хоёр сарын хугацаагаар ашиглалтаас чөлөөлжээ.

Малчдаас гаргасан саналын дагуу анх энэ асуудлыг хэсгийн хурлаараа хэлэлцэж, чөлөөлөх хугацаа, хэрэгжүүлэлт, хариуцлагын асуудлыг тохиролцоод Багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулжээ.

Чөлөөлсөн нутагт сахиул ажиллуулснаар өөр хэсгээс малчид бууж зөрчил гаргаагүй боловч зуссан газарт бусад хэсгийн малчидтай бага зэргийн маргаан гарсныг зохицуулж чаджээ.

Хэсгийн малчид Тамирын голыг бараадан Яргайтаас Цацын гурван жалгын хооронд зусаад 8-р сарын 16-наас нутагтаа буухдаа чөлөөлсөн бэлчээрийн ургамлын гарц илт сайжирсныг хараад үр дүнг ойлгож цаашид ч энэ ажлаа үргэлжлүүлэх нь зүйтэй юм хэмээн үзжээ.

Бэлчээрийг түр хугацаанд ашиглалтаас чөлөөлж, сэлгэх уг арга хэмжээнд нийт 76 өрх, 1263 адуу, 1895 үхэр, 7643 хонь, 5293 ямаа, нийт 16094 толгой мал хамрагдсан байна. Энэ ажилд хэсгийн бүх малчид идэвх санаачилгатай оролцож үр дүнд хүрсэн нь сумын Бэлчээр ашиглагчдын холбооноос 3-р сард хэсгийн ахлагч нарт явуулсан сургалт, сурталчилгаа, зөвлөмжийн үр дүн юм.

Сайн тал нь байнгын ашиглалттай нутгаа сэлгээтэйгээр зөв зохистой ашиглаж, хамгаалах эх суурийг тавьсанд, саар тал нь бусад хэсгийн малчдын нутаг бэлчээрт ачаалал үүсгэж буй байдал болно.

Гэсэн ч хэсгийн малчид төлөвлөгөө гарган 2011 онд чөлөөлсөн нутгаа дараа жилийнх нь зуны эхээр ашиглаж, ингэхдээ сэлгээнд хамрагдаж оролцсон хөрш хэсгийн малчдыг буулган, Тамирын гол орчмын бэлчээрийг өнжөөж амраах ажлыг зохион байгуулж цаашид энэ аргыг хэвшил болгох аваас менежментийн зохистой арга болох юм.

Малчид хамтран шийдвэр гаргаж доройтсон бэлчээрийг тодорхой хугацаанд малын хөлөөс бүрэн чөлөөлснөөр бэлчээрээ сайжруулж чадсан жишээ энэ мэт олон байна.

Завхан аймгийн Тэс сумын туршлага

“Зосын ар” Бэлчээр ашиглагчдын хэсэг 2009 оны 5-р сард байгуулагдсан бөгөөд нэг дор нутаглаж, дөрвөн улирлын бэлчээрээ хамтран ашигладаг 15 өрх энэ хэсэгт нэгджээ.

Тус хэсгийн нутагт байх Зосын ар уулын өвөрт байдаг өвлийн нөөц бэлчээр сүүлийн жилүүдэд бүтэн жилийн турш ямар ч сэлгээ, хуваарьгүйгээр ашигладаг болсноос ихээр доройтоод байгаа учраас хэсгийн анхны хурлууд дээр энэ хавийн бэлчээрийг 11-р сарын эхэн хүртэл малын хөлөөс бүрэн чөлөөлөх хэрэгтэй гэсэн саналыг малчид гаргажээ.

Зарим малчид энэ саналыг эсэргүүцэж байсан ч олонхийн шаардлага шахалтаар нүүхийг зөвшөөрсөн байна. Хэсгийн ахлагч хурлын протоколыг хөтөлж, гаргасан шийдвэрийг баталгаажуулан хуралд оролцсон малчдын гарын үсгийг зуруулж авчээ.

Хурлын шийдвэр ёсоор малчид зэрэг нүүж бэлчээрээ чөлөөлсөн бөгөөд хуваарийн дагуу ээлжээр очиж шалгаж байжээ. 2009 оны 6-р сард гаргасан уг хуваарийг мөрдөөд ганцхан жил өнгөрсний дараа тэр хавийн бэлчээр илт сайжирсан байна. Энэ ажлыг хэсгийн малчид жил бүр хэрэгжүүлдэг болжээ.

Бэлчээрийн харилцааг зохицуулах эрхзүйн орчинг бүрдүүлэх хэрэгцээ

Алтан дүрмийг нийгэм эдийн засгийн шинэ тогтолцооны өнөө үед амьдралд хэрэгжүүлэхийн тулд бэлчээрийн харилцааг зохицуулсан тусгай хууль гаргах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй “Газрын тухай” хуулийн 52 дугаар зүйлд “бэлчээр, түүнийг зохистой ашиглах, хамгаалах” нэртэйгээр бэлчээрийн харилцааг зохицуулж байна. Энэ хуулийг хэрэгжүүлэх нөхцөл тодорхой бус учраас хариуцлага хүлээх этгээд тодорхойгүй бэлчээрээ хайр гамгүй өрсөж ашиглах явдал газар авсаар байна. Орон нутгийн удирдлага бэлчээр ашиглалтыг хариуцлагжуулах сонирхол бага. Бэлчээрийн харилцааг хуулиар зохицуулахдаа дараах зүйлүүдийг анхаарч тусгавал амьдралд нийцэх юм.

Үүнд:

  • Бэлчээрийн талаарх төрийн бодлогыг тодорхой болгох,
  • Бэлчээр ашиглалтын ангиллыг зөв тогтоож түүний хилийн заагийг тодорхой болгох,
  • Бэлчээрийн харилцааны талаарх төрийн байгууллагын болон малчдын өөрийгөө удирдах байгууллагын эрх хэмжээг зөв хуваарилах,
  • Бэлчээрийг малчин өрхүүд дундаа хамтран ашиглах таатай нөхцөлийг бүрдүүлэх,
  • Гэрээгээр ашиглуулах бэлчээрийн хэмжээ, байршил, хугацааг тодорхой болгох,
  • Бэлчээр ашиглагчийн эрх, үүрэг, тэдэнд хүлээлгэх хариуцлагын механизмыг бүрдүүлэх,
  • Бэлчээр ашиглалтад хяналт тавьж үнэлгээ хийх гэх зэрэг болно.

Судлаач Цээлэйгийн Энх-Амгалан

МОНГОЛЫН БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО

www.greenmongolia.mn

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close