Иргэдээс ковид-19 шинжилгээний хариу шаардахгүй
Ковид-19 цар тахал гарснаас хойш гурван жилийн турш хаалттай байсан БНХАУ-ын хил энэ оны нэгдүгээр сараас гадаадын аялагчдад нээлттэй болсон. Гэхдээ Хятадыг зорин ирж байгаа иргэд хил нэвтрэхээс 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгч, сөрөг хариутай гарсан байх ёстой гэсэн шалгуур үйлчилсээр байсан юм.
Тэгвэл маргаашнаас эхэлж Хятадын хилээр нэвтрэгсдээс КОВИД-ын тестийн сөрөг хариу шаардахгүй болсныг мэдэгджээ. Тодруулбал, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин Даваа гарагт яамны энэ мэдэгдлийг олон нийтэд танилцуулсан байна. Хилээр орж ирэх хүмүүсээс Ковидын тест шаардахаа больж байгаа ч хүссэн хүн бүхэн тест өгөх нь нээлттэй, одоо ч вирусээр өвчилсөн иргэдийг бүртгэж авсаар байна гэдгийг мэдэгдсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Хятад улс хилээр нэвтрүүлэх улсуудын жагсаалтаа бага багаар нэмэгдүүлж, нислэгүүдийн тоог ч нэмж байсан.
Бээжингийн “Ковидгүй бүс”-ийн хатуу бодлого 2022 оны 12 дугаар сард дууссан. Гурван жилийн турш үргэлжилсэн хилийн энэ хатуу хориг дэлхийн 2 дахь том эдийн засагтай БНХАУ-ыг ихээхэн цочроосон. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хятадад ажилгүйдлийн түвшин огцом нэмэгдэж, эдийн засгийн өсөлт их хэмжээгээр удааширсан. Даваа гарагт гаргасан энэ шийдвэрийг Хятад улс эдийн засаг, аялал жуулчлалын салбараа сэргээх, олон улсад худалдааны харилцаагаа хэвийн болгох чухал алхам боллоо гэж ажиглагчид үзэж байна.
Түүнчлэн Хятадын эдийн засгийн томоохон хэсгийг бүрдүүлдэг аялал жуулчлалын салбар энэ онд эргэн сэргэж байгааг энэ удаагийн шийдвэр улам эрчимжүүлнэ гэж үзэж байгаа юм. Оны эхэнд хилээ нээснээс хойш БНХАУ-ын аялал жуулчлалаас олсон орлого 4 их наяд юань буюу 581 тэрбум ам долларт хүрч, аялал жуулчлалын салбар 96 хувьтай сэргэлээ гэж БНХАУ-ын аялал жуулчлалын яамнаас мэдээлж байсан. Шинэ шийдвэрийн ачаар энэ амжилтаа улам ахиулж чадна гэж Аялал жуулчлалын салбарынхан үзэж байна.