НийслэлFocus

Автобусны эцсийн буудлуудыг ая тухтай болгож байна

Улаанбаатар хотын хэмжээнд автобусны нэг эцсийн буудлаас 3-4 чиглэлийн автобусны 50 гаруй жолооч болон иргэд үйлчилгээ авдаг судалгаа бий. Гэтэл тэнд бие засах газраас эхлээд ая тухтай үйлчилгээ авах дэлгүүр ховор байдаг. Иймээс нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор автобусны буудлуудын эцсийн зогсоолын үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хариуцуулахаар сонгон шалгаруулалтыг өнгөрсөн тавдугаар сард нээлттэй зарласан. Сонгон шалгаруулалтад “Дижитал концепт” ХХК буюу “GS25” сүлжээ дэлгүүр шалгарч, таван байршилд автобусны эцсийн зогсоолыг тохижуулж, ашиглалт үйлчилгээг гурван жилийн хугацаатай хариуцахаар болсон юм. Дэнжийн мянга салбарын тохижилтын ажил дуусаж, өнөөдөр ашиглалтад орлоо.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир “Цаашид Нисэх, Баянхошуу, Нарангийн гол, Шар хадны эцэс гэсэн байршлуудад автобусны зогсоолыг тохижуулна. Ингэснээр зорчигч нар төдийгүй автобусны жолооч нарт үйлчилгээ авах, амрах ээлтэй нөхцөл бүрдэнэ” хэмээсэн бол

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд УБЗАА үндсэн үйл ажиллагааныхаа 60 гаруй хувийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж буй. Энэ жил үүнийг 70 хувьд хүргэхээр зорьж байна. Эдгээр автобусны эцсийн буудлуудад “Дижитал концепт” ХХК нийт 1.5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм. Мөн шаардлагатай үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлнэ. Түүнчлэн дээрх байршлуудын нийтийн бие засах газар 24 цагаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд арчлалт, цэвэрлэгээг тус компани бүрэн хариуцна” гэлээ.

Нийтийн тээврийн “Эмсит” ХХК-ийн жолооч П.Үүрийнцолмон үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл иргэдэд үйлчилдэг. Тэрбээр“Энэ салбар нээгдсэнээр жолооч нар бие засах, мөн амрах газартай болж байна. Өмнө нь энэ хавьд цайны газар байдаггүй байсан. Харин одоо “GS25”-аас бэлэн бүтээгдэхүүн авч идэх боломжтой болж байгаад баяртай байна” хэмээн ярив.

“Дижитал концепт” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Бахатхан:

-Энэ нь автобусны эцсийн зогсоолд нээж буй анхны салбар бөгөөд манай 217 дахь салбар. Тус салбарын онцлог нь хотын захын хэрэглэгч нарт илүү ойртож байгаа. 24 цагаар ажиллах учраас эцсийн буудалд ирж зогсож байгаа жолооч нар орж амарч, хоол ундаа идэх бүрэн боломжтой. Түүнчлэн нийтийн бие засах газар бүх хүнд нээлттэй. Дэнжийн мянга салбарын хувьд мод тарьж, ойр орчиндоо тодорхой хэмжээний ногоон байгууламж үүсгээд буй. Автобусны эцсийн буудалд байгуулах бусад салбарт өндөр настан, хүүхэд багачууд суух боломжтой сандал байршуулахаас гадна нийтийн эзэмшлийн талбайн өнгийг сэргээн будаж, сайжруулах ажлуудыг хийж байгаа гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close