Гадаад харилцааОнцлох

Бүгд Найрамдах Киргиз Улсын ЭСЯ нээгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсад тус улсын Элчин сайдын яамыг нээх ёслол боллоо.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Жээнбек Кулубаев, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Элчин сайд С.Ганхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Айбек Артыкбаев болон бусад албаны хүмүүс оролцов.

Монгол Улс Бишкек хотноо өөрийн Дипломат төлөөлөгчийн газраа 2014 онд нээсэн бол, Ерөнхийлөгч С.Жапаровын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улс өөрийн Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо ийнхүү нээж буй нь хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн өргөжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байгаагийн тод илэрхийлэл төдийгүй манай хоёр улсын харилцааг үсрэнгүй хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх болно гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ үеэр онцоллоо.

Түүнчлэн Бүгд Найрамдах Киргиз Улсын Төр, Засгийн зүгээс Монгол, Киргизийн харилцаанд онцгой ач холбогдол өгч, арвин туршлагатай дипломатч, Киргиз Улсын Гадаад хэргийн орлогч сайд Эрхэмсэг ноён Айбек Артыкбаевыг Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилж буйг бид талархан хүлээн авч байна гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close