Эдийн засагОнцлох

Зэрэглэл тогтоолгосон анхны компанийн бондыг бүртгэв

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ. Хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, зах зээлд оролцогчдын оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороо бодлого зохицуулалтын олон ажлыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд “Өрийн хэрэгслийн журам”-ыг шинээр баталж, бонд гаргагч нь санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон барьцаагүйгээр бонд гаргах зохицуулалтуудыг шинээр бий болгосон.

Ингэснээр өрийн хэрэгслийн зах зээл болон зэрэглэл тогтоох үйл ажиллагааг идэвхжүүлэх хөшүүрэг, компаниудад санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн өртгийг бууруулах давуу тал бүрдсэн. Харин өнөөдрийн ээлжит хуралдаанаар бонд гаргагч нь дотоодын санхүүгийн зэрэглэл тогтоогч компаниар зэрэглэл тогтоолгож, аливаа барьцаагүйгээр гаргаж буй анхны өрийн хэрэгслийг бүртгэлээ. Дотоодын компаниудад зэрэглэл тогтоолгож, барьцаагүйгээр өрийн хэрэгсэл гаргах замаар санхүүжилт татан төвлөрүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах боломж ийнхүү бүрдлээ.

АНХНЫ ХАМТЫН БИРЖЭЭР АРИЛЖААЛАГДДАГ САНГ БҮРТГЭВ

Хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулалтын сангийн багц журмуудыг өнгөрсөн онд шинэчлэн баталсан. Тодруулбал, биржээр арилжаалдаг хөрөнгө оруулалтын сан буюу олон улсын хөрөнгийн зах зээлд түгээмэл хэрэглэгддэг санхүүгийн хэрэгсэл болох Exchange traded fund-ийн зохицуулалтыг тусгаж өгснөөр Монгол Улсын хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломжийг бий болгосон.

Энэ төрлийн хөрөнгө оруулалтын сан нь арилжаа эрхлэх байгууллагын индексийн багцад багтдаг үнэт цаасны өгөөжийг хөрөнгө оруулагчдад өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн оролцогчоор сонгогдсон брокеруудын оролцоотойгоор сангийн нэгж эрхийн зах зээлийн үнэ нь сангийн цэвэр хөрөнгийн үнэ цэнэтэй хамгийн ойролцоо байх боломжийг хангаснаараа онцлогтой. 

Дотоодын компаниуд сүүлийн үед шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргах сонирхол ихээхэн нэмэгдсэн. Үүний нэг илрэл нь мөн өнөөдрийн хуралдаанаар анхны хамтын биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэсэн явдал юм. Ийнхүү бүртгэснээр хөрөнгө оруулагчид шинэ төрлийн бүтээгдэхүүн авах, олон улсын томоохон компаниудын хувьцааны өгөөжийг сангаараа дамжуулан хүртэх боломж бий боллоо.   

НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАХ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ 

Санхүүгийн зохицуулах хороо төрийн өмчит компаниудыг хувьчлах, ТОП-100 аж ахуй нэгжийг олон нийтийн компани болгох зэрэг дотоодын компаниудаас нийтэд санал болгон хувьцаагаа гаргах, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татахыг дэмжин ажиллаж байна. Ингэснээр компаниудын санхүүгийн сахилга бат, засаглал сайжирч, үйл ажиллагааны тогтвортой, ил тод байдлыг хангах чухал нөлөөтэй.

Түүнчлэн арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй компаниудын үйл ажиллагаа явуулж буй салбарыг төрөлжүүлэх замаар эдийн засгийн салбаруудыг дэмжих нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бас нэгэн чухал алхам юм. Тэр дундаа Монгол Улсын тээврийн салбар нь экспортын орлогыг нэмэгдүүлэх, импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгахад чухал ач холбогдолтой тул энэ удаагийн хуралдаанаар уг салбарт үйл ажиллагаа явуулдаг  “Мон ложистикс холдинг” ХХК-ийн нийтэд санал болгон анх удаа гаргах хувьцааг бүртгэхээр шийдвэрлэв. 

ЖУРМУУДАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ 

Хуралдаанаар хэд, хэдэн журамд нэмэлт, өөрчлөлт оруулахын зэрэгцээ шинэчлэн баталлаа. Тухайлбал, “Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам”-д холбогдох нэмэлт, өөрчлөлтийг орууллаа.

Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд үзэж 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулж энэхүү журамд нэмэлт, өөрчлөлтөөр дээд зэрэглэлийн зочид буудлууд банк бус санхүүгийн гадаад валютын арилжааны тусгай зөвшөөрөлгүйгээр үйлчлүүлэгчдэдээ буюу Монгол Улсад жуулчлал хийж буй гадаадын иргэн, Монгол Улсын харьяалалгүй хүнд өдөрт 3 сая төгрөгөөс ихгүй дүнгээр валют худалдан авах, худалдах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ. Мөн цахим систем ашиглан валютын арилжаа эрхлэх тохиолдолд ISO/IEC 27001 стандартыг хангах, үгсэн хуйвалдах замаар валютын ханшийн хомсдол үүсгэх, ханш өсгөх зэрэг үүсч болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлсэн зохицуулалтыг нэмж тусгасныг баталлаа. 

Түүнчлэн зайны болон газар дээрх хяналт шалгалтын журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, журмын хэрэгжилт, үр нөлөөг сайжруулах, зайны хяналт шалгалтыг хялбаршуулах зорилгоор “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам” болон “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт, шалгалт хийх журам”-ыг шинэчлэн баталлаа.

Ингэснээр холбогдох зохицуулалттай этгээдүүд улирал бүрийн дараа сарын 10-ны өдрийн дотор санхүүгийн тайлангаа Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэхээр боллоо. Мөн “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам”-д тусгасан хөндлөнгийн этгээдээр баталгаажуулбал зохих 10 стандартыг (MNS ISO/IEC 27001-ээс бусад) үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахаар өөрчлөн найруулж, баталлаа. 

АНХНЫ МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧИЙГ БҮРТГЭЛЭЭ 

УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баталж, хуулийн хэрэгжилтийг өнгөрсөн гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Энэхүү хуулийн зорилго нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар анхны мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэлээ. Тодруулбал, “Эм эл жи лизинг” ХХК-ийг барьцаалан зэлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчээр бүртгэлээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close